7,3 баллын хүчтэй газар хөдлөлт Ирак
болон Иран улсуудын хилийн бүс нутагт болж, асар их гарз хохирол учраад байна. Ираны
баруун хэсгийн нутагт л гэхэд 61 хүн нас барж, 300 орчим хүн гэмтэж бэртжээ. Харин
Иракт дээрх тооноос дөрөв дахин их хүн амиа алдсан байна. Цаашид ч хохирогчдын
тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Гэнэтийн гамшгийн улмаас айж
цочирдсон хүмүүс гэртээ ч орж чадахгүй, гадаа гудамжинд гарцгаажээ. Иракийн
нийслэл Багдад хотноо чанга яригчаар залбирал үйлдэж, хүмүүсийг тайвшруулах гэж
хичээж буй аж.
Ираны яаралтай тусламжийн албаны
ахлах Пир Хоссейн Куливан телевизэд мэдэгдэхдээ хилээс 15 км зайд байрлах
Сарпол-Захаб хотод олон тооны хохирогчид тусламж үйлчилгээ хүргэх хэрэгтэй
байна гэжээ.
Ираны Улаан хавирган сар
байгууллагын тэргүүн Мортеза Салим тус улсын найман хот тосгонд энэ гамшиг
нүүрлэж, их хэмжээний хохирол амссаныг мэдэгдээд, \”Зарим тосгонд эрчим хүч
тасарч, харилцаа холбоонд саатал гараад байна” гэсэн юм.
Хохирогчдод тусламж хүргэх аврах
багийнхан хөрсний нуралтын улмаас гамшгийн бүст, гол цэгүүдэд нь хүрэхэд
хүндрэлтэй байгаа аж. Ираны хилээс зүүн хойд зүгт 30 км-т байрлах Халабжа
тосгон мөн тус гамшигт өртжээ. Газар хөдлөлтийн гүн нь 33.9 км-т хүрсэн бөгөөд
ойролцоох бүс нутагт орших Турк, Израйл, Кувейт улсад доргилт мэдрэгджээ.