1970-аад онд Хятадад хүмүүс мах авах
гэж л дэлгүүр явдаг байсан санагдана. Худалдаж аваад байхаар их бараа
бүтээгдэхүүн байгаагүй учир дэлгүүр рүү маш цөөхөн явдаг байж. Харин 1980 оны
үед Бээжинд худалдаа наймаа бага зэрэг дээрдэж эхэлсэн байна.
Ингээд бодохоор хүн хэрэгтэй зүйлээ
худалдан авах гэж л дэлгүүр хэсдэг нь тодорхой. Харин өдгөө энэ улсад Ганц
биетнүүдийн өдөр дэлхийн хамгийн их худалдаа явагддаг өдрөөр тодорчээ. Энэ
өдрийг албан ёсоор ес дэх жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд албан ёсоор Олон улсын
худалдааны баяр 11.11 хэмээн нэрийддэг аж. 11.11 гэдэг нь 11 дүгээр сарын
11-ний өдөр буюу хоёр 11 гэсэн тоо байгаа нь ганц бие хүнийг ирээдүйд хос
болохыг бэлгэдсэн утгатай юм. Анх энэхүү өдрийг найз охингүй, ганц бие оюутан
залуус хамтдаа тэмдэглэж эхэлснээр ийнхүү уламжлал болох эхлэл тавигджээ.
Харин Хятадын жижиглэн худалдааны
сайт Alibaba уг өдрийг
ашигтайгаар эргүүлж, дэлхий дээрх хамгийн том онлайн худалдааны өдөр болгон өөрчилж
чадсан байна. Дөнгөж хоёр хоногийн өмнө болоод өнгөрсөн уг баярын өдрөөр Macy\’s
зэрэг томоохон худалдааны компаниудыг оролцуулаад дэлхий дээр нэг сая хүн
онлайн худалдан авалт хийснийг тус компаниас мэдэгджээ.
Alibaba-ийн энэ
жилийн борлуулалт 25.3 тэрбум ам.долларт хүрсэн нь 2016 оныхоос 7.5 тэрбумаар
өссөн үзүүлэлт юм. Энэ жилийн ганц биетнүүдийн өдрийн тал хугацаанд хийсэн
борлуулалт өнгөрсөн жилийн бүтэн өдрийнх борлуулалтаас давсан аж.