Антибиотик гэж өвчин үүсгэгч нянг ухуулэх хүчтэй үйлчилгээ бүхий органик
бодисыг нэрлэдэг. Ийм бодис хөгцөнд байдаг гэж үзээд ардын уламжлалт эмнэлэгт
хэрэглэдэг байжээ. Монголчууд эрт дээр үес гөшилсөн сүүг ээдэм болгон ашигладаг
байснаас эхлээд сүүтэй цайндаа ааруул, цагган тос хийж ээдүүлээд уудаг зэрэг нь
үүнтэй л холбоотой. Далайчдад хөгцтэй талх идүүлэн бэлгийн замын халдварт
өвчнөөс сэргийлдэг байсан баримт ч бий. 1929 онд Английн эрдэмтэн А.Флеминг
ногоон хөгцнөөс анхны антибиотик болох пенициллин гаргаж авсан нь өнөөдөр ч
хэрэглэгдсээр буй. Хожим эрдэмтэн Г.Флори, Э.Чейн нар бензилпенициллин гэж
хүчтэй антибиотик гаргаж авсан нь Нобелийн шагнал хүртсэн ч, антибиотикийн
хувьд Флемингийн нээлтийн шууд үргэлжлэл гэж үздэг. Антибиотикийг бичил нянгаас
гаргаж авдаг учир хүний биед өвчин үүсгэгч бусад нянгуудаа устах, хүчийг нь
сулруулахаас гадна хүний биед байнга оршин байдаг ашиг тустай бичил биетүүдийг
ч адилхан устгах учир удаан хугацаагаар, эсвэл дахин дахин хэрэглээд байвал
сөрөг үр дагавар нь илүүтэй гарч эхэлдэг.
Тиймээс өвчтэй хүнд адил төрлийн ч юм
уу харилцан нөлөөлдөг антибиотикуудыг хавсран хэрэглэхийг хориглодог.
Пенициллинийг замбараагүй хэргэлэх болсноос хойш үйлчилгээ нь эрс суларч, тунг нь
нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Үүнээс үүдэн антибиотикийн сөрөг нөлөөлөл
олноор илрэх нь тогтоогджээ. Иймээс өөр төрлийн антибиотикууд үйлдвэрлэгдэж
эмчилгээнд нэвтэрсэн нь цөөнгүй. Гэхдээ тэд бүгд пенициллиныг нийлэгшүүлэх
байдлаар үйлчилгээг нь нэмэгдүүлэн сайжруулсан пенициллин гэж ойлгож болно.
Хүчин чадлыг нь нэмэгдүүлэх тусам сайн үр дүнтэйгээ зэрэгцээд сөрөг үр дагавар
нь илүү хүнд тусдаг болохыг судлаачид тогтоосон. Тийм болохоор өвчин туссан
төдийд эмийн сан руу гүйн хүчтэй антибиотик авч хэрэглэх нь буруу. Наад зах нь
уг өвчний шинж тэмдгийг дарангуйлж, архагшуулах ба оношлоход саад учруулна. Харшил,
мөөгөнцөр зэрэг ужиг явцтай өвчин тусах магадлалыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг.
Бас уг өвчнөөр дахин өвчилсөн тохиолдолд нөгөө антибиотик сул үйлчилэх
болчихсон байдаг. Арга буюу илүү хүчтэй антибиотик хэрэглэх болно. Тэр
хэмжээгээр илүү хор биедээ шингээж авна.
Аливаа өвчин туссан үед юуны өмнө
энгийн эмүүд \\сульфаниламид гэж нэрлэдэг\\ хэрэглэх нь зүйтэй. Хавсруулаад биеийн
эсэргүүцэл сайжруулах хоол, хүнс, дасгал хөдөлгөөн, амин дэмүүдээр илааршиж
чадвал хор хөнөөлгүйгээс гадна, биеийн дархлаа сайжирдаг. Эмч нар ч гэсэн
тухайн хүнд ямар төрлийн антибиотик хэрэглэвэл үр дүнтэй болохыг тогтоох
шинжилгээ хийж байж сонгон бичдэг байх ёстой. Антибиотик мэдрэг чадвар үзэх
гэдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл танд өвчин үүсгэсэн нян вирус ямар антибиокикийн
үйлчилгээгээр устах вэ гэдгийг тогтооно гэсэн үг. Ялангуяа тариагаар антибиотик
хэрэглэх гэж байгаа бол дээрх шинжилгээг заавал хийлгэх хэрэгтэй гэж үздэг.
Эмийн сангууд ч гэсэн антибиотикийг зөвхөн эмчийн жороор өгөх журамтай байдаг
нь уг эм хортой болохоор л тэр. Тэгээд ч антибиотикууд өвчин болгонд
үйлчилдэггүй. Жишээ нь стрептомицины төрлийн антибиотикийг уушигны архаг өвчин,
сүрьеэ зэрэгт үйлчилдэг бол пенициллин сүрьеэ өвчинд огт үйлчилдэггүй. Халдварт
ханиад, томуугийн эмгэгт антибиотикууд огт нэмэргүй. Зөвхөн хүндрэл гарсан үед
л антибиотик хэрэглэх шаардлага гардаг. Эмийг хамаагүй хэрэглэсний үр дагаварыг
амссан хүн цөөнгүй. Тухайлбал стрептомицины төрлийн антибиотик их хэрэглэснээс
болж сонсгол муудсан бүр таг дүлий болсон тохиолдол олон бий. Ихэнх антибиотик
мөөгөнцөр, харшил өгдөг. Ийм төрлийн эмгэг архагшин үлдэх нь цөөнгүй. Эмчийн
зааваргүйгээр антибиотик хэрэглэхээс зайлсхийх нь эрүүл мэндэд тустай.
Олхонууд ШААБАР