Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II
сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 2-ны өдөр алга болсон. Найман настай охин алга болсноос хойш 80 хоног
өнгөрчээ. Д.Сэржмядаг охиныг харсан, үзсэн хүний сураг гарсангүй, холбоотой
мэдээллийн сэжим ч цухуйгаагүй байна. Охиноо хаа нэгтээ амьд байгаа, хэзээ
нэгэн өдөр ороод ирнэ гэж сэтгэлээ сэмэртэл хүлээж суугаа ээж Б.Хоролмаа өнгөрсөн долоон хоногт
Улаанбаатар хотод ирсэн. Ингээд охины ээж Б. Хоролоотой уулзаж, охины эрлийн ажиллагааны талаар
ярилцлаа.
-Охиныг
эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Та сая Улсын мөрдөн байцаах газрынхантай
уулзлаа гэж байна. Охины талаар ямар
нэгэн сураг гарч уу?
-Охин минь алга болоод хоёр сар гаруй болж байна. Цагдаагийн газраас эрлийн ажиллагааг хийж байгаа.
Ямар нэгэн сэжүүр гарахгүй байна гэж байна.
Өнгөрсөн 11, 12 дугаар сард хотоос ирсэн цагдаа нар маш сайн ажилласан.
Сургуулийн хүүхдүүд болон сумын
хүмүүсээс асуухаар хэн ч хараагүй байна.
Манай сум хил орчмын
нутаг мөртлөө камержилт байхгүй.
Камертай байсан бол охин минь олдчих байсан. Хамгийн гол нь охин маань
биднийг байхгүй хойгуур алга болчихсон. Үздэг хардаг хүнд үзүүлэхээр амьд байна
гээд байгаа. Зарим хүмүүс болохоор хилээр гаргасан байна гээд байгаа. Гэхдээ
үзүүлсэн хүмүүсийн ихэнх нь амьд байна гэсэн болохоор охиныгоо
амьд сэрүүн олдох байх гээд хүлээж байна.
-Охиныг алга болдог өдөр та нөхөртэйгээ гэртээ байхгүй байсан гэнэ. Та хоёр хаашаа явсан
байсан бэ?
-Бид хоёр Шанд руу ажлаар явсан. Том охин бие өвдөөд
эмнэлгээр явсан. Бага хүү цэцэрлэгтээ
яваад, Сэржмядаг охин хичээл нь өдөр ордог учраас гэртээ
үлдсэн. Охин маань алга болдог өдрөө 12
цаг 21 минутын үед над руу залгасан. Миний утасны цэнэг дуусаад унтарчихсан.
Тэгээд би буцаагаад аавынх нь утсаар залгасан. Гэвч утас нь холбогдох боломжгүй
байсан. Одоо бодоод байхаар надад мэдээлэл өгөх гэж залгасан байх. Тэр үед гайтай юм шиг миний утасны цэнэг дуусчихсан. Аав руугаа залгасан бол бид хэд хоорондоо
холбогдоод юу болсныг мэдэх байсан байх. Тухайн өдөр охиныгоо алга болно гэж
ёстой бодсонгүй. Яах гэж Шанд яваваа гээд өөрийгөө буруутгаад сууж байна.
-Нууц биш бол та хоёр ямар ажлаар Шанд руу явсан бэ. Тийм
чухал ажил байсан юм уу. Нэг нь явж болоогүй юм уу?
-Манай нөхрийн ах нь
найман сард согтуугаар танхайраад
Шандад хоригдож байсан. Тэр хүнийг эргэх гээд явсан юм. Нөхөр маань машинаар
явсан болохоор би хань болж хамт явсан. Охиныгоо алга болно гэж яаж мэдэхэв дээ.
-Тухайн өдөр охиныг гэрээс гараад явж байхыг харсан
хүн байгаа юу?
-Ямар ч хүн хараагүй.
Миний охин хичээлдээ 12 өнгөрөөгөөд явдаг.
Алга болдог өдрөө ч гэсэн 12 цаг өнгөрөөгөөд гарсан байх. Гэрээсээ гараад гудамжны
үзүүр хүртэл явсан мөр байгаа. Тэгээд мөр
байхгүй.
-Та хоёр охиноо алга боллоо гэдгийг яаж мэдэв?
-Нөхөр бид хоёр 4 цаг өнгөрөөгөөд Замын–Үүд рүү ирээд том охиноо хоёр дүүгээ аваарай гэсэн юм. Гэтэл
том охин дүү алга болчихсон байна гэхээр нь багш руу нь залгасан. Багш нь \”Сэржмядаг
өнөөдөр хичээлдээ ирээгүй\” гэсэн. Тэгээд бүр гайхаад гэртээ ирээд цагдаад мэдэгдсэн. Цагдаа нар эрлийн ажиллагааг шууд
эхлүүлсэн. Бид хоёрыг байхгүй хойгуур алга болсон болохоор гайхаад байгаа.
Тулгын гурван чулуу шиг хүүхдүүдийнхээ нэгийг
алга болгочихсон, үнэхээр хэцүү байна
-Та нарт хардаж сэрдэж байгаа хүн байна уу?
-Бид хоёр хүмүүстэй нэг их нийлээд байдаггүй. Манайд ч
нэг их хүн ирээд байдаггүй. Бид хоёр
ажил, гэр гээд, манай гурван хүүхэд хичээл сургуульдаа яваад байж байдаг. Тэр хүн авсан байх
гээд хардаж байгаа хүн ч алга байна.
-Охин алга болоод хоёр сар гаруй болж байна. Охиныг амьд
олдох магадлал бага болчихлоо гэж бодох
хүн цөөнгүй байгаа. Та үзмэрч, зурхайч, лам гээд бүгдэд нь очиж үзүүлсэн.
Гэвч оновчтой зүйлийг хэлэхгүй байгаа юм байна. Та охиныхоо алтан хайрцагийг нээлгэж
үзсэн үү?
-Надад хүмүүс охиныхоо
алтан хайрцагийг нээлгээч гэж хэлсэн. Би охин
минь амьд байгаа юм чинь алтан хайрцаг нээлгэж яах юм бэ гэж бодоод нээлгэхгүй байгаа.
Ямар нэгэн юм болсон бол эхийн совингоор мэдэрнэ шүү дээ. Би охиноо гэртээ
ирж байна гэж байнга зүүдлэж байгаа. Эгч, дүү хоёрынх нь зүүдэнд ч гэсэн орж байгаа
болохоор охиноо амьд сэрүүн байгаа гэж
бодож байна. Иймээс миний охин амьд
байгаа. Нэг өдөр гэртээ ороод ирэх байх /Уйлав/.
-Таны
хувьд охиноо амьд сэрүүн ирнэ гэсэн итгэлээр хүлээж байгаа. Магадгүй
хэдэн жилийн дараа таны охин олдвол та охиноо таних уу?
-Төрсөн үрээ ээж нь
танилгүй яахав дээ. Миний охин содон дэлдэн чихтэй. Мөн зүүн нүдний дээд талдаа мэнгэтэй. Миний охин их мундаг онц сурдаг. Орос ном их уншдаг. Бид
нэг их хичээл номыг нь давтуулаад байдаггүй. Өөрөө л хичээлээ их идэвхтэй
хийдэг. Бас хөөрхөн дуулчихдаг. Охины
хамгийн их дуулах дуртай дуу бол \”Содура\” киноны дуу. Удган нуурын усанд
гээд дуулдаг байсан. /Уйлав/
Эгч нь тулгын гурван чулуу шиг хүүхдүүдийнхээ нэгийг
алга болгочихсон, үнэхээр хэцүү байна. Яаж эсэн мэнд, эрүүл саруул олж авах вэ гээд
аргаа бараад явж байна. Яахав өвчин зовлон ирээд бурхан болсон бол нэг өөр шүү
дээ. Нялх үрээ алга болгочихоод ингэж шаналж суух үнэхээр хэцүү байна. Одоо миний эцсийн арга оросын зөн билэгтэнтэй
очиж уулзах. Яаж явах аргаа
олохгүй байж байна.
–Ярилцсан танд баярлалаа