МИАТ ТӨХК компанийн нисэх бүрэлдэхүүн Чили, Гайти улсад нислэг үйлдээд ирлээ.
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК \”Boeing 767-300” агаарын хөлгийн баг бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Гайти Улсын \”Санрайс Эйрвэйс” компанид нойтон түрээсийн гэрээт ажлаа амжилттай гүйцэтгээд өнөөдөр эх орондоо ирлээ. Өвлийн улиралд агаарын хөлгийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой тус гэрээний хүрээнд нисэгч, агаарын хөлгийн үйлчлэгч, инженер техникийн ажилтан, нислэг хяналт зохицуулалтын мэргэжилтэн нараас бүрдсэн баг Чили Гайти улсын чиглэлд 2017 оны арваннэгдүгээр 21-нээс 2018 оны нэгдүгээр сарын 31-ний хооронд нислэг үйлдсэн байна.
МИАТ ТӨХК компани өмнө нь Бангладеш, Чех улсад нойтон түрээсийн зарчмаар ажиллаж байсан. Энэ удаагийн нойтон түрээсийн ажил Атлантын далайн дээгүүр холын зайн нислэг үйлдсэн болон Өмнөд Америкийн тэнгэрт анх удаа Монгол Улсын төрийн далбааг тээвэрлэн ниссэнээрээ онцлог юм.
Нойтон түрээс гэдэг нь түрээслүүлэгч тал агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцаж, харин түрээслэгч тал зорчигч, ачаа тээшний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах ажлыг гүйцэтгэдэг түрээсийн нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл МИАТ ТӨХК агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их бие болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцсан байна.
Өвлийн улиралд агаарын хөлгийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг олгосон энэхүү нислэг нь АНУ руу шууд нислэг үйлдэх цаашдын зорилтыг биелүүлэх эхний алхам болсныг цохон тэмдэглэлээ. Тус компани 2020, 2021 оноос АНУ руу шууд нислэг үйлддэг болох үндсэн зорилттой байгаа юм байна.
МИАТ Боинг 767-300 агаарын хөлөг Чили улс Santiago de Chile Arturo Merino Benítez Int\’l нисэх буудалд
газардаж байгаа нь.
Я.Хулан