Газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч орнуудын зүгээс (ОПЕК) бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарцаа бууруулах шийдвэр гаргасан, мөн улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалан 2017 оны хоёрдугаар хагаст Дэлхийн зах зээлийн газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн.
Монгол Улсын хувьд ОХУ-аас импортлож буй хилийн үнэ 2017 оны долдугаар сараас хойш 2017 оны эцэс гэхэд 140 гаруй ам.доллароор өссөнтэй холбогдуулан шатахууны үнийг тогтвортой барих боломжгүй болсон байна.
Үүнтэй зэрэгцэн 2017 оны хавар Засгийн газраас ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах болсоноор шатахууны онцгой албан татварыг 2017 оны 7, 11 дүгээр саруудад нэмэгдүүлж:
- Дизель түлш 280,000 төгрөг
- Автобензин /92/ 210,000 төгрөг болсон.
Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сард нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан нэгдүгээр сарын 24-ний өдөр хуралдаж, 80, 92 автобензиний онцгой албан татварыг тэг болгон, Дизель түлш, АИ95 болон түүнээс дээш октантай автобензиний үнийг чөлөөлөх тухай 26 дугаар тогтоол гаргасан.
Гэвч Роснефть компанийн Монгол Улсад экспортлох хилийн үнэ 2018 оны хоёрдугаар сард дахин нэмэгджээ.
- 80 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 666 ам.доллар
- 92 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 696 ам.доллар
- 95 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 746 ам.доллар
- Дизель түлш 45 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 677 ам.доллар болжээ.
Ингэснээр Гадаад зах зээл дээрх шатахууны үнэ өсч байгаатай холбоотойгоор дотоодын зах зээлийн шатахууны үнэд нөлөөлж, үнэ цаашид өсөх төлөвтэй байна.