XVII жарны \”Тийн унжлагат\” хэмээх шороон нохой жил гарах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлд амьдарч байгаа 98, 99 насны сүүдэр зооглож байгаа 56 ахмад настанд мэндчилгээ хүргэн хүндэтгэл үзүүлж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга болон агентлагийн дарга нар ахмад настны гэрт нь очиж, хотын даргын мэндчилгээг уламжилж байгаа юм.
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн, өндөр настан Н.Пагмажав гуай энэ жил 99 нас хүрч байна. Өндөр настан Н.Пагмажав Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, гавьяаныхаа амралтад гарах хүртлээ саальчин байжээ. Найман хүүхэд төрүүлэн өсгөсөн алдарт эх, азай буурлыг хүндэтгэн өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар, НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар хотын даргын мэндчилгээг уламжлан хүндэтгэл үзүүллээ.
Ж.Бат