-УИХ-ын дарга З.Энхболд Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинарын нээлтэд оролцов-
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинарын нээлтэд оролцов.
Улсын Их Хурлын дарга тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал 1996 онд Авлигын эсрэг хуулийг баталж, Монгол Улс авлигын асуудлыг төрийн бодлогын түвшинд авч үзсэн. 2005 онд Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж, 2006 онд Авлигын эсрэг хуулиа шинэчлэн баталж өнөөдрийг хүртэл мөрдөж байна. Мөн 2011 онд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, 2012 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, 2014 онд Шилэн дансны тухай, 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг тус тус баталсан. Ингэснээр авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчин улам боловсронгуй болж байна. Авлигын гэмт хэргийг илрүүлэх хүрээнд бус нутгийн хэмжээнд хамтран ажиллах хууль сахиулах байгууллагуудын сүлжээ байгуулах томоохон санаачилгын эхлэл тавигдах гэж байгаад баяртай байна. Авлигын гэмт хэрэг улс орон, бүс нутгаар хязгаарлагдахгүй өргөн хүрээг хамарч, гэмт үйлдлийн арга зам нь улам нарийсч байгаа үед энэ санаачилга цаг үеэ олсон чухал алхам гэж үзэж байна гэлээ. Мөн Монгол Улс авлигагүй, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд олон улс, бүс нутгийн хүрээнд хамтран ажиллах хүсэл зориг, хүчин чармайлтдаа ямагт тууштай байж, авлигаас үр дүнтэй урьдчилан сэргийлж, тэмцэхэд иж бүрэн, олон талт хандлагыг хүлээн авч, ажиллахад бэлэн байгааг илэрхийлээд, семинарын үйл ажиллагаанд амжилт хүсэв.