Цаг уур, орчны шинжилгээний газраас хоёрдугаар сарын 28-ны өдөр буюу 3 хоногийн өмнөөс баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулсан. Мөн гуравдугаар сарын 1-нд буюу өчигдөр Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, хүчтэй салхи аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх талаар цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжүүлэх мэдээг бэлтгэн малчид, тээвэрчид, иргэдэд мэдээлэл хүргэсэн. Тэгвэл өнөөдрийн 15:40 цагийн байдлаар Баян-Өлгий, Увсын өмнөд, Завхан, Говь-алтай, Өмнөговийн нутаг, Баянхонгорын зарим газраар салхи секундэд 16-18 метр, түр зуур секундэд 20-28 метр хүрч хүчтэй салхилан цасан шуурга шуурч байна.
Завхан аймгийн нутгаар өнөөдөр нутгийн хойд болон өмнөд хэсгийн сумдын нутгаар салхины хүч 16-20м/с, түр зуур 20-28м/с хүрч, цасан шуурга шуурч байна. Тус аймгийн Баянхайрхан суманд болсон хүчтэй салхины улмаас тус сумын ЗДТГ-ын байрны дээвэр хуурч унасан байна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Төв аймгийн зүүн, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна. Иймд зорчигч, тээвэрчид онцын шаардлагагүй бол тус чиглэлүүдэд зорчихгүй байхыг анхааруулж байна.