Оудри Хепбурн, Жаки Кеннеди нарын алдартнуудыг гаргаж ирсэн Францын загварын домог болсон дизайнер Хуберт де Гивенчи 91 насандаа таалал төгсчээ. Түүний хамтрагч, “Haute Couture” загварын дизайнер Филиппе Венет энэхүү эмгэнэлийн мэдээг AFP агентлагт мэдээлсэн байна. Тэрээр “Та бүхэнд Хуберт Таффин де Гивенчи таалал төгссөнийг мэдэгдэхэд маш их харамсалтай байна” хэмээн өгүүлжээ. Түүнчлэн ноён Венетээс гадна нэрт дизайнерын хүүхдүүд болон ач, зээ нар мэдэгдэл хийсэн байна.
Гивенчигийн бүтээсэн хамгийн алдартай загвар нь “Тиффанигийн өглөөний цай” киноны дэлгэцнээ жүжигчин Оудри Хепбурний өмссөн домогт “богино хар даашинз” ч байж магадгүй гэж үзэх хүмүүс ч байдаг аж. Энэ тухай жүжигчин бүсгүй, “Энэ даашинз намайг онцгой харагдуулахад маш их тусалсан. Түүнээс хойших зүйлс тийм ч хэцүү байгаагүй. Гивенчигийн хайр татам энгийн хувцаснууд намайг тоглож байгаа дүрээ бүтээхэд нөлөөлсөн” хэмээн нэгэнтээ хэлж байжээ.
Гивенчи, Хепбурн нарын нөхөрлөл 40 жил үргэлжилж, тэр хэрээр нэрт дизайнерын байр суурийг загвар болоод кино урлагийн түүхэнд мөнхлөхөд ихээхэн нөлөөлжээ. Хепбурн нь түүний урлагийн тэнгэр байсан бөгөөд 1957 онд “Хөгжилтэй царай” мьюзикл болон 1966 онд “Нэг саяыг хэрхэн хулгайлах вэ” кинонд нь зориулж хэд хэдэн хувцаснаас гадна ноолууран даашинзнуудыг урлаж өгсөн байна.
Гивенчи нь сурвалжит угсаа гарвалтай бөгөөд Дэлхийн II дайн дараа тухайн үед нэрд гараагүй Пьер Бальмен болон Кристиан Диор нарт ажиллаж байжээ. Түүнчлэн 1952 онд өөрийн загварын дэлгүүрийг байгуулахаасаа өмнө авангард дизайнер Элса Шиапареллид ажиллаж байсан аж. Энэ үедээ тэрээр амц, юбка, өмд, хүрэм гэгчлэн холимог болон хоорондоо уялдаа холбоо бүхий хувцаснуудыг хийж эхэлсэн байна.
Б.Болормаа