УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо шүүгчдийн авлигын асуудлыг хөндсөн. Тэрбээр анхан шатны шүүх 50 000, давж заалдах шатны шүүх 100 000, хяналтын шатны шүүх 200 000 ам.долларын авлига авдаг хэмээн ярьсан юм. Түүний ярианы араас ШЕЗ-өөс шүүгчдийн нэр төрд халдсан учраас уучлал гуйхыг шаардсан билээ. Гэвч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар уучлал гуйхгүй гэдгээ хариу хэлж, харин ч шүүгчдийн авлигын баримтыг дэлгэж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн юм. Тэгвэл энэ асуудлаар Дээд шүүхээс байр сууриа илэрхийллээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг ёсзүйн зөрчил гаргаад зогсохгүй хууль зөрчсөн хэмээн мэдэгдлээ.