Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км-т/ 2018 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Булган голын харзны усанд осолдсон 7 настай Б /эрэгтэй/-ыг тус аймгийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн эрэн хайсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж тухайн сарын 18-ны өдөр зогсоосон юм. Улмаар энэ сарын 25-ны өдөр осолдсон хүү Булган голын усны мандал дээр гарч ирсэн тул цогцсыг уснаас гаргаж өгнө үү гэсэн дуудлага өгчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, цогцсыг гаргаж тус сум дах Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Эмээгийнхээ гэр рүү явахаар гэрээсээ гараад осолдож сураггүй болсон хүүг эрэн хайх ажиллагаанд 128 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр 37 цооног гаргаж усчин аврагчид усанд шумбаж эрлийг үргэлжлүүлсэн байдаг бөгөөд нэгдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар усны гүн мөснөөс доошоо 1 метр 40 см байжээ.