Амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 289 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасан байна. Ослын улмаас нийслэлд 3 хүний амь нас хохирч, 20 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ. Үүнээс эцэг, эхийн хариуцлагүй, хайхрамжгүй байдлын улмаас 2 хүүхдийн амь нас хохирч, 4 хүүхэд гэмтэж бэртсэн байна.
Тухайлбал, СХД-ийн нутаг “361” гармын замд N.Teana маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 59 настай Ч болон 5 настай Н, 4 настай М нарын 3 хүний амь нас харамсалтай байдлаар хохирсон ноцтой хэрэг бүртгэгджээ.
Хичээл сургууль амарч эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ агаар салхинд гарах, амарч зугаалахдаа бага насны хүүхдийг автомашинд хамгаалах хэрэгсэл тухайлбал, хамгаалалтын суудал, хамгаалах бүс тохируулагч, суудал өндөрсгөгч гэх мэт аюулгүйн хэрэгсэл хэрэглэлгүй тээвэрлэдэг нь хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаараа хохирох гол шалтгаан болж байна.
Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 осол, мөргөлдөх хэлбэрээр 16 осол тус тус бүртгэгдсэнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 7 осол гарсан бөгөөд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослыг Замын цагдаагийн алба шалгаж байна.