Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн 72 настай, эрэгтэй Б өнгөрөгч ням гарагт Нарантуул захаас юм худалдаж авахаар очоод халааснаасаа түрүүвчээ хулгайд алдсаныг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нарантуул дахь дэд хэсгийн алба хаагчид түргэн шуурхай олж өгч, хохиролгүй болгожээ.
Түүний түрүүвчинд бичиг баримтууд нь болон худалдаа хийхээр авч гарсан 60 гаруй мянган төгрөг байсан аж. Эл хэргийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 37 настай, эрэгтэй Д гэгч үйлдсэнийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Иргэд та бүхэн зах, худалдааны төв, нийтийн үзвэр үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ сонор сэрэмжтэй байж, хэтэвч болон үнэт эд зүйлсээ хямгадаж, халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.