Өчигдөр 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхэд, залуус ахуйн хэрэглээний газ үнэрлэн, мансуурч байсныг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн,баривчилжээ.
Тус дүүрэгт оршин суух 19 настай, эрэгтэй А, Э, 18 настай Г болон Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 14 настай, эрэгтэй О нар нь эзэнгүй хашаанд мансуурсан байдалтай байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлж, тэдний үйлдлийг таслан зогсоосон байна.
Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс насанд хүрээгүй хүнээс үйлдсэн 948 гэмт хэрэг байгаа нь нийт гэмт хэргийн 2.9 хувийг, хүүхэд хүүхэд өртөж хохирсон 1757 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.5 хувийг тус тус эзэлж байгаа аж.
Хүүхдүүд эрх зүйн мэдлэг, мэдээлэл хангалтгүйн улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт өртөж хохирох явдал байсаар байгаа нь дээрх тоон үзүүлэлтээс харагдаж байгаа юм.
Иймээс цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, гаралтыг саармагжуулах зорилгоор нэг сарын хугацаатай “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд эцэг, эхчүүд та бүхэн ч өсвөр насны болоод оюутан хүүхдүүдээ биеэ даах чадвартай болсон гэж анхаарлаа сулруулалгүй хэнтэй нөхөрлөж, хаагуур юу хийж явааг анхаарч элдэв гэмт хэргийн золиос болгохоос сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.