АТГ-аас явуулж буй баривчилгаа үргэлжилсээр байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогт Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг саатуулаад байгаа билээ.
Мөн тус байгууллагаас уг хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ч шалгахаа мэдэгдсэн. Тодруулбал, АТГ-аас “Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг гадаадад байгаа ба Прокурорын газраас түүнд дуудах хуудас илгээсэн, түүнийг Монгол Улсад ирсэн үед нь Дубайн гэрээтэй холбогдуулан байцаалт авна” гэх тайлбарыг өгсөн юм.
Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өдгөө АНУ-ын Денвер хотод байгаа бөгөөд түүнийг Интерполоор эрэн сурвалжилна гэх мэдээлэл цацагджээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Байгаа байршил нь тодорхой байгаа учир эрэн сурвалжлах шаардлагагүй. Харин Ч.Сайханбилэг эх орондоо ирэхгүй бол албадан авчрах арга хэмжээ авна” гэлээ.
Харин өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг дахин нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан юм.