Өчигдөр Монгол бөхийн өргөөнд болсон “Дуулах өдөр” дуун цэнгүүний үеэр 60 настай эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн газраас тодруулахад “Талийгаач нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай, 60 орчим насны эмэгтэй. Тоглолтын үеэр буюу 20:00 цагийн орчимд нас барсан бөгөөд биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. Ямар шалтгааны улмаас нас барсныг Шүүхийн шинжилгээний хариугаар тогтооно. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна” гэв.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монгол бөхийн өргөө болон, Мишээл экспо төвд урлагийн тоглолт хийлгэхгүй байх албан бичгийг хүргүүлсэн байхад ийнхүү тоглолт зохион байгуулсан нь хууль бус үйлдэл болоод байна. Тодруулбал, зориулалтын бус газар урлагийн тоглолт хийсний уршгаар хүн унаж бэртэж гэмтэх, тааз нурах зэрэг асуудал үүсдэг тул ийнхүү тоглолт хийхийг хориглосон билээ. Үүнийг Монгол бөхийн өргөөний удирдлага үл тоомсорлон өчигдөр ахмад настнуудад зориулсан “Дуулах өдөр” цэнгүүнийг зохион байгуулж хүний аминд хүрсэн бололтой.