Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэл тус дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, Дэд хурандаа Б.Сүхбатад удаа дараа ханджээ. Түүний хандаж буй асуудал бол “Да хүрээ” захын орчмын авто замтай холбоотой аж.
Тодруулбал, “Да хүрээ” захын авто зам нь дөрвөн эгнээ бүхий зорчих хэсэгтэй ч хоёр талын нэгдүгээр эгнээг автомашин худалдаалдаг хувь хүмүүс албан бус “зогсоол” болгосон. Үүнээс болж дүүргийн 8, 9, 17, 24 дүгээр хорооны оршин суугчид цаашилбал, авто замаар зорчигч, үйлчлүүлэгчид байнга замын ачаалалд ордог. Иймээс дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэл иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хангах зорилгоор Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Сүхбатад албан шаардлагыг хүргүүлжээ.
Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд болсон “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөний үеэр энэ талаар асуулга тавихын зэрэгцээ 2018 оны 03 дугаар сарын 09-нд энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх тухай №3/83 тоот албан бичгийг дэд хурандаа Б.Сүхбатад хүргүүлсэн боловч өнөөдөр тодорхой арга хэмжээ авч, ажил хийгдээгүй аж.
Мөн энэ асуудлыг Төлөөлөгчдийн ажлын албанаас ч хөндөж байгаа бөгөөд “Да хүрээ” захын ойр орчны агаарын бохирдол, утаа тортогноос болж дээрх хорооны айл өрхийн зарим бага насны хүүхдүүдийн цусанд хар тугалга илэрсэн талаар эрүүл мэндийн байгууллагын шинжилгээ, иргэдийн санал гомдол ирээд байгаа талаар дурьдав.
Тиймээс Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Сүхбатаас энэхүү “зогсоол”-ыг буулгах талд яаралтай арга хэмжээ авахыг Төлөөлөгчдийн ажлын алба иргэдийнхээ өмнөөс мөн шаардаж байгаагаа илэрхийлсэн байна.