Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Баянмонгол хорооллын 410 дугаар байрны хойно, “Алтай констракшн” компанийн “Саруул хороолол”-ын барилгын ажлыг гүйцэтгэж байх үед кран өчигдөр унасан хэрэг гарсан. Уг кран зогсоол дээр байсан приус маркийн хоёр машины эх биен дээр унасан байна. Дээрх машинуудад азаар хүн байхгүй байсан хэдий ч кранд байсан жолоочийг түргэн тусламж ирж авч явжээ.Тэнд харж байсан хүмүүсийн хэлснээр кран унахдаа хажуугийн байранд тулсан ч тогтолгүй доошоо унасан гэлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Чулуунчимэг “Алтай констракшн” компанийн барилгын объектод 2017 оны наймдугаар сарын 14-ны өдөр хяналт шалгалт хийн илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж ажилласан. Мөн нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 онд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдэгдлийг хүргүүлж ажилласан. “Алтай констракшн” компанид тухайн мэдэгдлийг гуравдугаар сард хүргүүлсэн. Миний авсан мэдээллээр бол краны жолооч бэртсэн эмнэлэгт хүргэгдсэн байдалтай байна. Краны ашиглалтын хугацаа хэтэрсэн байсан эсэхийг шалгалтын явцад илрүүлнэ” гэв.