Цэдэн овогтой Лувсан хаймчиг. Ард, лам, Төвд улсын Банчинрэнбүүчийн харьяат, гачин мяндагтай. Төвдийн Дашлхүмбэ хийдэд шавилан сууж байхад нь Монгол улсын тавдугаар /1915/ онд Банчин богдоос Халх монголд очиж Жавзндамба богдын жавтий тавих багшлахаар явсугай хэмээн тушаасан учир Богдын хүрээнд ирж түүний дэргэд 8 жил суугаад, Монгол улсын арванхоёрдугаар /1922/ онд нутаг буцаж, Банчин богдын дэргэд очжээ. Гэтэл Богд Жавзандамба хутагтаас “Ёнзон хамба лувсанхаймчигийн биеийг нааш заавал ирүүлсүгэй” хэмээн хүссэн захидлыг Банчин богдод илгээсэнд хүсэлтийг нь ёсоор болгож Ёнзон хамбыг Монгол улсад буцаан ирүүлжээ. Ёнзон хамба Лувсанхаймчиг нь “Хувьсгалын эсэргүү лам нарын Гандангийн төв” хэмээх зохиомол хэрэгт шийтгэгдэн 1937 оны аравдугаар сарын 7-ны шөнийн 00 цаг 42 минутад Даландавхарт цаазаар авахуулан буудагдах хүртлээ Богд Жавзандамба хутагтын номын мэргэн багш болон Гандан хүрээний их хамбын тушаалтай бөгөөд Ёнзон хамбын алба хашиж байжээ.
Ёнзон хамба Лувсанхаймчигийг 1937 оны есдүгээр сарын 6-нд баривчилж, мөн сарын 28 хүртэлх хугацаанд ДЯ-ны мөрдөн байцаагч 13 удаа байцаасан байна. Түүнд Япон улстай холбоотой, Банчин Богдын даалгавраар Монгол улсад тагнуулын ажил хийхээр ирж,тус улсын бүхий л байдлыг тагнан мэдэж, гадаадын дайснуудад мэдээлж байсан, ардын дотор худал цуурхал хүчтэй тараан дэлгэрүүлсэн төдийгүй аймаг, хотуудад хувьсгалын эсэргүү салбар бүлгэм үлэмжхэн байгуулж, улсын эд хөрөнгийг галдан шатаах, хорлон сүйтгэх ажил явуулсан, Монгол улсад Банчин богдыг япон цэргийн хамтаар ирүүлэхийн тулд зэвсэг, орон сууц, хоол хүнс, эд хөрөнгө хуримтлуулан хадгалах, зэвсэг бүхий хүмүүсийг элсүүлэх, улмаар дотоодод зэвсэгт болсого гаргах бэлтгэлийг олон жилийн турш үргэлжлэн хийсэн, эцэст Монгол ардын хувьсгалт засаг төрийг устган сөнөөж, хргис хаант засгийг байгуулан ард түмнийг эзэрхэг түрэмгийн нарын колони болгон эзлүүлж, гаслант байдалд оруулахыг завдсан өөдлөшгүй дайсан этгээд мөн хэмээн ял тулгажээ.
“Лам нарын хувьсгалын эсэргүү төв” хэмээх байгууллагын толгойлогч гэгч Ёнзон хамба Лувсанхаймчиг болон уг хэрэгт холбогдсон нэр бүхий 22 ламд дээрх ялыг завхралын үед хэрэглэж байсан харгис хэрцгий элдэв арга хэрэглэн тулган хүлээлгэжээ. Энэ тухай 1939 оны дөрөвдүгээр сарын 24-нд болсон Дотоод яамны ажилтнуудын зөвлөлгөөн дээр хөтлөх, худал мэдүүлэг гаргуулах зэрэг аргаар нэг шөнө 8-10 ламыг байцааж дуусгадаг байсан. Хэдэн онд хэний хамт монголд ирсэн гэсэн асуулт тавиад, тэр онд умзай буюу Ёнзонгийн хамтаар Японы тагнуулын газрын даалгавартай монголд ирж хувьсгалын эсрэг тагнуулын ажил хийж байсан гэсэн худал мэдүүлэг бичиж, “тагнуул, эсэргүү” гэдэг үгийг хэлэлгүй онгорхой орхиж үсэг зуруулдаг байсан. Багш шавийнх нь холбоогоор хавтгайруулан бие биедээ элсэгдсэн болгож байсан, дэндүү баримт нотолгоо болгон хавсаргажээ. Уг шар бичгийн нэгийг толилуулбал, “Банчингаас хүрээ жавтий хэмээх Лувсанхаймчигт. Энэ үед таны бие лагшин тунгалаг бөгөөд санасан санаа чинь сэтгэлчлэн бүтэж буй болов уу гэхийн ялдамд шашин, амьтны тусыг сайтар бүтээж, уул ажлыг сайнаар явуулах хэрэгтэй” гэснийг мөрдөн байцаалтын хэрэгт хөрвүүлэн хавсаргахдаа “уул тагнуулын ажлыг” гэж “тагнуулын” гэсэн үг нэмжээ. Банчин богдын таван шар бичгийг хожим нь 1961 онд Гандантэгчилэн хийдийн хамба, их ламтан Гомбожав агсан, Монгол улсын их сургуулийн төвд хэлний багш Дорж нар жинхэнэ төвд эхээс нь монгол хэлнээ дахин буулгахад “тагнуулын” гэсэн үг уг шар бичгүүдэд байгаагүй байна. Банчин Богд шар бичигтээ шашин бурханыг дэлгүүлэх, Монгол газраас идэр залуу лам нарыг сургахаар ирүүлэхийг зөвлөх гэхчлэн багш, шавийн барилдлагаагаар амар мэндээ мэдэлцэж, зангиа, утлаганы зүйл илгээсэн утгатай байжээ.
1929 онд зохион байгуулагдсан “лам нарын хувьсгалын эсэргүү төв” нь Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь, Завхан, Дорнод, Хэнтий арван аймгийн 48 том хүрээ, хийдтэй харилцаа холбоотойгоор эсэргүү салбар байгуулж, хорт үйл ажиллагааг идэвхтэй явуулж байсан хэмээн ялын төлөвлөгөөнд дурджээ. Эдгээр нь худал болохыг Өлгий, Егүзэрийн хийдийн лам нарын хэргийг нэгэнт цагаатгагдсан баримтаас тодорхой байна. “Төв”-ийн хэрэгт холбогдсон лам нараас “Манзушир хутагт зэрэг томоохон лам нар хөдөөгийн салбаруудыг удирдан зааварлаж явсан” гэсэн мэдүүлэг гаргуулж байсан нь үнэнд нийцэхгүй бөгөөд тэд хүрээ хийдээр залагдаж, бурхан аравнайлах, ах дүү, төрөл саднаа эргэх, рашаан усанд орохоор явдаг байжээ. Ёнзон хамба Лувсанхаймчиг монголд 22 жил байхдаа хөдөө нутгаар ер явж байсангүй. Харин орон нутгийн томоохон хийдүүдээс жил бүр Гандан хүрээнд мөргөл буйн үйлдэхээр ирэгсдийг хүлээн авч уулздаг байжээ.
Ёнзон хамба Лувсанхаймчигт хүлээлгэсэн өөр нэг ял нь “Наймдугаар Богд Жавзандамбыг нас нөгчсөний дараа есдүгээр Богдыг залж тодруулах ажлыг нууцаар хийж, есдүгээр Богдыг залахын тулд Богд гэгээний ордонг засаж сэлбэсэн, баруунтан Дамбадаржаа, Жадамба нараас тусламж авсан” хэмээн буруутгажээ. Баруунтны удирдлагаас есдүгээр богдыг залж тодруулах ажлаар 1925 онд феодал Гомбоидин, лам Гэндэнсоном нарыг Төвдөд дипломат төлөөлөгчөөр илгээхэд Ёнзон хамба зохих үүрэг гүйцэтгэсэн гэж тодруулн буруутгасан байна. Энэ нь зохиомол ял болохыг түүхийн баримт гэрчилнэ. Монгол улсын Засгийн газрын 1935 оны арван хоёрдугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр хурлын тогтоолын аравдугаар зүйлд зааснаар тус улсаас Төвдөд суух элчин сайд Гомбоидшин болон бусад ажилтанг Төвд улсын засгийн газартай найрамдлын холбоо байгуулах тухай гэрээ бичиг хэлэлцэн тогтоох ажлаар томилон явуулжээ. Тэдний хамт Лхаст мөргөхөөр хувийн журмаар Гэндэнсоном гэгч лам мөн явсан байна. Тэрээр сүсэг бишрэлээ даган Банчин Богдод мөргөхдөө 9-р Богдын тухай авралдаж, сунтаг буулгуулснаа Гомбо-Идшинд хэлсэнд, түүнийг дур зоргоор буруу ажил хийснийг зэмлээд, хэнд ч энэ тухай үг үл ярихыг сануулаад, Хүрээнд ирмэгцээ уг сунтагийг үзүүлэх хүн олдохгүйн учир Ёнзон хамбад гуйж үзүүлбэл тэрээр, “Монголд яригдаж байгаа Зүүнхараагийн мэргэн хүүхэн Цэнджавын хүүхдийг Богд мөн хэмээн Саж Богдоос сунтаг дээр бичсэн нь үнэн байна” хэмээхээр нь дав даруй Засгийн газарт учрыг тайлбарлан мэдэгдэж, мөнөөх сунтагийн бичгийг хураалгажээ. Үүгээр далимдуулан Ёнзон хамба Лувсанхаймчигийг Богд ба Хутагт хувилгадыг залж тодруулахыг зогсоосон тухай Засгийн газрын 24 дүгээр тогтоолыг зөрчсөн хэрэгт гөрдөн ял тулгажээ. Түүгээр ч үл барам Ёнзон хамбыг Англи, Төвдийн эсэргүү тагнуулын ажлыг үргэжлүүлэн гүйцэтгэж байсан бөгөөд Банчин Богдоор дамжуулах болон шууд өөрсдөө гадаадын хөрөнгөтөн орны засгийн газартай холбоо хэлхээ барин ажиллаж байсан хэмээн өөр ял тулгажээ. Ёнзон хамба Лувсанхаймчиг Монголд 22 жил амьдран суухдаа англи, төвдийн тагнуулчин ч юмуу, Банчин Богдын тагнуулчин байсан тухай нотлох аливаа баримт Дотоод Яамны архивын материалд байхгүй байна. Энэ бүхий л зохиомлоор тулган хүлээлгэх гэсэн ялыг сонсоод аргаа барахдаа Ёнзон хмба, “Намайг Япон болон Банчин богдын тагнуулчин гэж байна. Энэ огт худлаа. Ямар ч үндэс, баримтгүй зүйл болохыг төрөөс ялгах биз ээ. Ерөөс би Банчин Богдын лам бөгөөд түүнийгээ хэнээс ч нуухгүй. Би Богд ламыг байхад тусгай уригдаж ирсэн хүн. Харин энд эсэргүү хэргийг таслахад намайг оролцуулах болсныг сонслоо. Ямар учраас болохыг мэдэхгүй. Би тийм санваараа бузарласан ажил хэзээ ч хийхгүй. Ер нь энд суухад чадах, эсэхээ мэдэхээ болилоо. Намайг гадуурхаж байгаа юм уу, хоёр ч удаа хэрэгт татлаа. Надад хийсэн хэрэг байхгүй” гэж үнэн байдлаа мөрдөн байцаагчид учирлажээ. Яаж ч учирлаад хана мөргөхтэй ижил байсан цаг билээ.
Ёнзон хамба Лувсанхаймчиг бурхан шашныхаа үйлсэд чин үнэнч, ерийн нэгэн их номтон лам хүн байсныг түүний дэргэд ойр дотно ажилласан хүмүүсийн дурсамж яриа баталж байна. Ёнзон хамба Лувсанхаймчигийн тахилч байсан Доржийн Сандаг гуай дурсан ярихдаа \Би 1933 оноос 1937 оны зургадугаар сар хүртэл их хамба Ёнзон багш Лувсанхаймчигийн тахилч байсан, 60 гаруй насны төлөв даруу зантай, илүү дутуу ааш араншингүй, шавьж хорхойд хүртэл хоргүй тийм л хүн байсан. Дүү Цэрэнтэйгээ хамт суудаг, жилд нь тусалдаг дөрөв, таван төвд хүн байсан. Өглөөний 9 цагаас үдшийн 19 цаг хүртэл мөргөлчид цувна, хойд урьдахаа даатгуулна, сан тавиулна, адис авцгаана. Өглөө бүр цогчинд хурал хурна. Гадуур ер гардаггүй хүн байсан юм. Цагаан сар болохоор гол төлөв шавь нар нь олон хамба, цорж нар ирж багшид золгож мөргөнө. Миний мэдэхээр лав Гэндэн, Дэмид нар багшийнд ирж, уулзаж, мөргөж байгаагүй. Жамъянтив гэдэг ламыг огт танихгүй. Есдүгээр Богдын дүрийг тодруулах тухай юу ч дуулаагүй. Шашны ёс, жаваас гадуур юм хийж байгаа нь надад л лав мэдэгдээгүй. Тэр үед би 17, 18 настай, ухаан сууж байсан. Эргээд бодоход хувьсгалын эсэргүү лам нарын бүлэг байжээ гэж хэлэх юм алга. Хэрэв нам, засгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан бол би мэдэх санах учиртай, нас бие гүйцсэн хүн байсан” гэжээ. Мөн 1937 оны зургадугаар сар хүртэл Ёнзон хамбын жавтий хүртээгч рашаан түгээгч байсан Эрдэнэ-Очирын Вандан-Иш гуай хожим өгүүлэхдээ, “Ер нь шашны мөр л хөөсөн хүн байснаас түүнд төрийн асуудал үл хамаатай гэж би хувьдаа боддог. Өдөржин мөргөлчдийг хүлээж авна. Буддын шашин хамгийн зөөлөн, хамгийн энэрэнгүй шашин гэж номлоно. Энэ утгаараа ч Ёнзон хамба Лувсанхаймчигийн хэрэг хилс гэж боддог. Гэндэн, Дэмид, Жамъянтив ламтай Ёнзон багшийн уулзаж, учирч байсныг огт мэдэхгүй. Банчин Богд, 9-р Богдыг залах, тодруулах талаар бүр ч дуулж мэдсэн юм байхгүй” гэжээ.
Ёнзон хамба Цэдэнгийн Лувсанхаймчиг гэгч ийм л нэг бурхан шашны мөр хөөсөн жирийн нэгэн их номтон одоогоос 77 жилийн өмнө Төвд нутгаас Монгол газрыг зорин ирж, Банчин Богдын зарлигаар Богд гэгээнтний номын мэргэн багш болсон хэдий ч гучаад оны завхралын хар шуурганд хамгийн түрүүнд өртөж, “Монгол даяар дэлгэрсэн эсэргүү лам нарын хувьсгалын эсэргүү бүлгэм, хөдөлгөөний гол удирдагч”-ийн хаяг зүүж, харийн нутагт хилс хэрэгт тулгагдан цаазлагджээ.
Тэрээр Монголын лам нарыг тойрон бүсэлж устгах Сталины фашист аргын золиос болсон олон мянган гэм зэмгүй лам, хувраг, мяндаг тушаалтны нэгэн билээ. 1935 оны шувтаргаар ЗХУ-д очсон Монголын засгийн газрын тэргүүн Гэндэн, Дэмид болон Дотоодыг Хамгаалах газрын дарга Намсрай нарыг Сталин, Молотов, Ворошилов нар хүлээн аваад, “Танай засаг, лам нар нэг дор байж чадахгүй. Нэг нь нөгөөгөө ялах ёстой. Лам нар өсөж олон болбол ардын засгийг устгах хүч зузаарч, засаг төр устах нь зайлшгүй. Та нар харгис толгой лам нартай тэмцэх ажлыг үнэн хэрэг дээрээ явуулсангүй. Монголд 80 гаруй мянган харгис толгой лам нар байна. Тэдэн рүү галын гол хүчийг чиглүүлэх хэрэгтэй. Дотоодыг хамгаалах газар тойрон бүслэх аргыг огт явуулж чадаагүй байна. Хэрэв лам нартай тэмцэхгүй бол бид та нарт туслахгүй” гэж шууд шахалт дарамт үзүүлсний гайгаар “Лам нарын хувьсгалын эсэргүү хэрэг” гэгчийг аяндаа зохиомлоор бий болгож, үр дүн нь чухам яаж төгссөнийг 1937 оны тавдугаар сард ДЯЯ-ны сайд, маршал Чойбалсангаас “Сүүлийн үед ДЯЯ-ны бүх ажлын төвд лам нар лугаа тэмцэх ажил байв. Нөхөр Сталины зөвлөсний дагуу дээд ангийн том толгой лам нар улсаас урваж, тагнуул хийсэн, зэвсэгт бослого гаргах гэсэн хэрэг 5-ыг бэлтгэн, түүний зөвлөгөөг биелүүлж, гүйцэтгэж чадлаа. Сүүлийн бүтэн хагас жилд дээд ангийн 439, дунд ангийн 404, доод ангийн 603 лам нарыг шийтгэлээ” гэж ЗХУ-ын ДЯЯ-ны сайд Улсыг аюулаас сахиж хамгаалах ерөнхий комиссор Н.Ёжовт илтгэсэн захидалд дурьджээ.
Тэрхүү дээд ангийн 439 ламын нэг нь Богд Жавзандамба хутагтын номын мэргэн багш, Банчин Богдын шавь, Төвд улсын иргэн, Монгол улсын долоон цоржийн нэг, Гандан хүрээний их ламтан, Ёнзон хамба, 65 настай, Цэдэн овогтой Лувсанхаймчиг байлаа. Түүнийг монголчууд бид харийн орны шахалтаар хилс хэрэгт гөрдөн тулгаж, цаазаар буудан хороосныхоо нүглийг БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1990 оны 7-р сарын 25-ны өдрийн 7-р тогтоолоор цагаатган наминчилжээ.
Ёнзон хамба Ц.Лувсанхаймчиг Монгол улсад шашин бурхныг дэлгэрүүлэн хөгжүүлэх цорын ганц нигүүлсэнгүй сэтгэл өвөрлөн ирж байжээ. Цагийн сайхан энэ үед бурхан болсон талийгаачийн бодсон санасан бүхэн нь хожмын өдөр боловч сэтгэлчлэн бүтэх болтугай. Ум ма ни бад мэ хум.
Эх сурвалж: Budda.mn