ШӨХТГ-ын Хэрэглэгчийн гомдол мэдээлэл хүлээн авдаг 1800-1284 утсанд 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэн Д, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ц, нараас Эрчим хүчний зохицуулах хорооноос Шөнийн тарифыг тэглэсэн гэх боловч төлбөрийн нэхэмжлэл ирж байна гэх гомдлын дагуу шалган иргэдэд мэдээлэл өгч зөвлөн тусалж, гомдол мэдээллийг нь холбогдох байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлжээ.
Иргэдийн гомдол мэдээллийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф хариуцсан мэргэжилтэн Уламбадрах, Хяналтын байцаагч Болормаа нартай холбогдон дээрх асуудлаар тайлбар мэдээ авахад Эрчим хүчний зохицуулах хорооноос 2017 оны долдугаар сарын 04-ны өдрийн 203 тоот “Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” тогтоолоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувиар хөнгөлөхийг Цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосон байна.
Гэтэл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК тогтоолын хугацааг мөрдөхгүйгээр 2017 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн хэрэглээнд хөнгөлөлт тооцож, хөнгөлтийн хугацааг нэг сараар урагшуулсан байна.
Дээрх асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороо нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр “Шөнийн хөнгөлөлтийг тогтоолд заасан хугацаанд мөрдөж ажиллах” талаар 203 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 2018 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаа /сарын эхний 15 хоног/-нд залруулан тооцож, хэрэглэгчдийн гомдлыг барагдуулах талаар албан бичиг хүргүүлсэн байна. Иймд хэрэглэгч та бүхэн дээрх асуудалтай холбоотой өргөдөл гомдол гаргах бол “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд” ТӨХК-д гомдлоо гарган шийдвэрлүүлэх боломжтой аж.