Ардчилалын алтан хараацай С.Зоригийн амь насыг хороосон аймшигт гэмт хэрэг гараад олон жил өнгөрсөн билээ. Анх энэ хэрэг гарах үед ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Д. Мөрөн хурандаа уг хэргийг заавал илрүүлэх болно гэж телевизээр олон түмэнд мэдэгдэн, ажлын хэсэг байгуулан ажилласан ч олигтой ахиц дэвшил огт гараагүй юм. Түүний дараа тэрээр энэ хэрэг АН-ын засаг барих хугацаанд л лав илрэхгүй гэсэн хачирхалтай зүйлийг хэлэн, энэ хэргээс өөрийгөө холдуулж, улмаар МАХН-н гишүүн болж, сонгуульд нэрээ дэвшүүлэн УИХ-ын гишүүн болсон билээ.
Д.Мөрөн хурандаагийн дараа 7-р сарын 1-ний хэрэг явдлын гол зохицуулагч гэгддэг генарал Ч.Амарболд уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж явуулхаар болсон ч бас л илрээгүй олон жилийн нүүр үзсэн юм. Харин саяхнаас тагнуулийнхан С.Зоригийн хэргийн захиалагчийг нэг мөсөн илрүүлэхээр шийдсэн бололтой идэвхитэй ажиллаж эхэллээ. Үүний нэг тодорхой жишээ нь саяхан хэрэг гарах үеийн цорын ганц гэрч болох С.Зориг агсаны хамтран амьдрагч Д.Булганыг яллагдагчаар татсан үйл явдал болов.
Энэ нь өнөөгийн УИХ-ын гишүүд,сайд дарга нар болоод олон түмнийг үнэхээр гайхшруулаад байна. Б.Булганы тухайд гэвэл анх хэрэг гарсан үеэс хойш цагдаагийн байгууллагад олон удаа байцаагдаж байсныг хүмүүс сайн мэднэ. Тэрнээс хойш Б.Булган нэг хэсэгтээ л сураг тасарсан. Түүний талаар барууны нэг оронд бүр мөсөн цагаачлахаар явсан ч гэх шиг үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд их гарч байсан нь үнэн юм даг. Гэтэл тагнуулийнхан гэв гэнэт юу болсон юм Б.Булганыг С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч, зохион байгуулагчид буруутган эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж байгаагаа мэдэгдэн дахин нарийвчлан шалгаж эхэллээ. Сураг сонсвол түүний ойр дотныхон үүнд нь ихээхэн эмзэглэж байгаа гэнэ. Учир нь өдий болтол энэ хэргийн цаад гол эздийг илрүүлээгүй байж яагаад гэнэт ухаан орсон юм шиг Б.Булганыг байцаах болов гэдэг асуултыг тэд тавьж байгаа бололтой. Зарим хүмүүс түүнийг ямар нэг “но”-той учраас л шалгаж байгаа байх гэсэн бодолтой байхад, зарим нь Д.Булганыг хэлмэгдүүлж байна гэж үзэх хүмүүс ч олон байна. С.Зориг агсаны төрсөн дүү болох С.Оюуны хувьд бол анхнаасаа уг хэргийг мөрдөх ажлын хэсгийг татан буулгахгүйгээр цагдаа,тагнуулаар шалгуулах хүсэлтэйгээ илэрхийлж байсан. Одоо ч түүнийгээ хэлдэг. Гэхдээ юуны учир энэ олон жил тагнуулийн байгууллага чимээгүй байж байж одоо гэнэт Б.Булганыг яллагдагчаар татах болов гэдэг ихээхэн сонирхол татаж байна. Удахгүй энэ асуудлын хариу тодорхой болох бизээ.
Хамгийн гол нь ардчилсан хувьсгалыг удирдаж байсан тэр хүний аллагын гол захиалагч эздийг ард түмэн асууж байгааг хэлэх ёстой . Тийм болохоор уг хэргийн ард хэн байсан гэдэг нь хэзээ нэгэн цагт илрэх болов уу гэсэн битүүхэн горьдлого олон түмний дунд байсаар байна. Б.Булганы талаар нэгэн сэжигтэй, ноцтой гэмээр зүйлийг Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Батжаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэрээр, “Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт нэг сонин зүйл байдаг. Тэр мэдүүлэгт “Хэрэг гарсан өдөр, аллага үйлдэхээс өмнө Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Б.Отгонбаатар бид дөрөв С.Зоригийн гэрт очсон. Тэгэхэд хоол хийсэн байдалтай байсан. Тэр хоолноос бид дөрөв идсэн. Одоо санаж байгаагаар мах чанасан байсан. Хоол идсэний дараа Б.Отгонбаатар гарч яваад, Т.Чимгээ, Т.Содномдаржаа бид гурав Б.Булгантай хамт тамхилсан. Б.Булган тамхи татдаг хүн байсан. Бид нар тамхиныхаа үнсийг будаатай аяганд хийсэн” гэж мэдүүлсэн байдаг. Тухайн хэргийн газраас олдсон нотлох баримтууд дунд тамхины үнстэй будаатай аяга олдсон. Маш ноцтой гэмээр мэдээлэл. Мөн “Захиалагчийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Б.Булган хэн ч болж болно” гэж байлаа. Харин Б.Булган үүнд хариулт өгч чадах болов уу? гэдэг л сонин байна. Тийм болохоор хэргийн гол гогцоо эндээс л тайлагдах учиртай болов уу.