“Түлэнхийн төвийн барилгыг яаравчлах шаардлагатайг ойлгуулах гэж эмэгтэй гишүүдтэйгээ газар дээр нь хэд хэдэн удаа очиж ажиллаж байсан юм.” хэмээн УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа бичээд Түлэнхийн төв энэ оны 3-р улиралд ашиглалтанд орно гэсэн таатай мэдээллийг дуулгалаа.
Ихэвчлэн хүүхэд ирдэг ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн орчин нөхцөл муу, өрөө тасалгаа хүрэлцэхгүй зэрэг олон хүндрэлтэй асуудлууд байгаа. Тэгвэл Кувейтын ЗГ-ын буцалтгүй тусламжийн 8 сая ам.долларыг төрийн ордон барихад бус Түлэнхийн төв барихад зориулах асуудал жилийн өмнө эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Буцалтгүй тусламж авснаар 2011 онд актлагдаж, олон засгийн нүүр үзсэн Түлэнхийн төвийн барилгын ажил хөдөлж, ийнхүү энэ ондоо багтаж ашиглалтанд орж үйлчлүүлэгчдээ хүлээн авахаар болж байна.