Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монголын генералуудын өдөрт зориулж Төрийн есөн хөлт, цагаан тугт танхимд генералуудыг хүлээн авч уулзаад, нийт генералуудад хандан үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга:
“Эрхэм генералуудын амрыг эрье.
Өнөөдөр уламжлал ёсоор Монголын генералуудын өдөр болж байна. Та бүхэнд баярын мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Анхны 11 генерал цол олгож байсан 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс хойш 74 жил өнгөрчээ. Монгол Улсад Батлан хамгаалах салбар, Хил хамгаалах, Онцгой байдал, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад генерал цол олгодог хуультай. Эдгээр салбарын албан хаагчдын үйл ажиллагааг удирдаж, иргэдийнхээ амгалан тайван аж төрөх нөхцөлийг бүрдүүлэхэд мэдлэг оюун, бие сэтгэлээ зориулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж энэ цолыг олгодог юм.
Генерал цол бол нэр төр, хүндлэл, эрхэм чанарын илэрхийлэл. Тиймээс цолыг авсан хүн цолондоо тэнцэж, цолоо дааж ажиллаж, амьдрах үлгэр жишээч байх ёстой. Эс бөгөөс төрийн хуулийн дагуу цолыг хураах ч заалттай гэдгийг бас санаж явах учиртай.
Та бүхэнд дахин баярын мэнд дэвшүүлж, урт насалж удаан жаргаарай гэж ерөөе.
Мөнх тэнгэр Монголын генералуудыг ивээг.
Баярлалаа” гэв.