Монгол Улсад сэтгүүлзүйн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиудын аварга шалгаруулах сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим, төгсөгчдийн холбоотойгоо хамтран анх удаа зохион байгуулсан. Уг тэмцээнд МУИС, ОТИС, СУИС болон ХИС-ийн багууд өрсөлдсөн юм. Тэмцээнд төрөл тус бүрээр төгсөгчдийн болон оюутнуудын багууд оролцож шилжин явах цомын төлөө гал гарсан ширүүн тоглотууд болж өнгөрсөн.
Отгонтэнгэр их сургуулийн спорт зааланд болсон тус тэмцээнд ХИС, ОТИС, МУИС, РТМУС зэрэг их сургуулийн 18 багийн 144 тамирчин оролцсон байна. Энэ жил анх удаагаа болсон энэхүү тэмцээнд манай тэргүүлэх их дээд сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж байгаа болон төгссөн сэтгүүл зүй, мөн спортын салбарт амжилттай яваа залуучууд хурд, хүч авхаалж самбаагаа сорисон сонирхолтой, өгөөжтэй тэмцээн боллоо. Тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтож ирэх жилийн тэмцээнийг ОТИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим зохион байгуулах эрхийг авлаа.
Тэмцээний дүнгээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн баг тамирчид 2 алт, 3 хүрэл,Отгонтэнгэр Их Сургууль 1 алт, 3 мөнгө, МУИС-ийн оюутнууд сагсны төрөлд мөнгөн медаль, РТМУС-ийноюутнууд гар бөмбөгийн төрөлд алтан медаль авч, багийн нийлбэр оноогоор Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн баг тамирчид шилжин явах цом авчээ.
ХИС-ийн Сэтгүүл зүйн салбарыг төгсөгчдийн холбооны тэргүүн А.Мэндсайхан “Нийтийн биеийн тамир, спортыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сэтгүүл зүйн боловсрол олгодог их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуусыг олон нийтийн ажилд татан оролцуулах, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулсан юм” хэмээн хэлсэн юм. Сэтгүүл зүйн салбарын оюутнууд болон төгсөгчид ийнхүү сургууль сургуулиа төлөөлөн спортоор өрсөлдөх нь нэг салбарын залуучууд бие биенээ таних, хамтран ажиллах өргөн боломж нээгдэх ач холбогдолтой юм. Тэмцээнийг“Hankook cosmetics” компани ивээн тэтгэжээ.