Дилов хутагт Б.Жамсранжав нь Чин улсын бадаргуулт төрийн хөх бичин жилийн намрын дунд сарын 15 буюу 1883-10-08нд Засагт хан аймгийн гүн Загдсамбар Нөмрөг уулын хошуу одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн нутаг Түшлэгийн булаг гэдэг газар ард Баашлуугийн 3-р хүү болон төржээ. Дилов хутагт Жамсранжав нь 5 нас хүртлээ эцэг Баашлуу, эх Гимбэлийн хайр халамжинд өсч, 1887 онд Дээрхийн Гэгээний алтан савханд нэр шингэж, Дэмчиг бурханы бүрэлбаа Дилов хутагтын хувилсан дүр мөн хэмээн одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт оршиж байсан Нарованчин хийдэд шавилсан байна. Дилов хутагт Жамсранжав нь угаас сэргэлэн ой тогтоолт сайтай байсан тул 5 настайдаа банди сахил, 7 настайдаа Равшун сахил, 21 насандаа Гэцэл сахил, 25 насандаа Богдын зарлигаас хоцорсон тул Цорж, 29 насандаа самади багш цол тус тус хүртсэн байна.
1916 онд өмнө хязгаары, 1919 онд Тагна, Урианхайг тохинуулахад Хатанбаатарын цэргийн ламаар тус тус Дээрхийн Гэгээний зарлигаар морилж байсан байна. Дилов хутагт Жамсранжав баруун хязгаарыг тохинуулахад түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. 1923 онд Улиастайн сайдаар ажиллаж байлаа.
Дилов хутагт Жамсранжав нь тэр үеийн төрийн бодлогыг ихэд дэмжиж, өөрийн хөрөнгөөс нисэх онгоцны хуримтлал, цэргийн клуб, нам залуучуудын эвлэл зэрэг олон газарт хандив өргөсөн байдаг. 1931 онд тэр үеийн дотоодыг хамгаалах газар тусгай даалгавар өгч хилийн чанадад гаргасан юм.
Дилов хутагт Жамсранжав нь Хятад улсын ерөнхийлөгч Чин Кай Шигийн дэргэд 6 жил зөвлөх хийхдээ 1946 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавъяатайн дээр 1961 онд Монгол Улсыг НҮБ-д элсүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр эргэх цагийн аясад улам бүр тодорсоор байна.
Тэрээр амьдралын сүүлчийн жилүүдээ АНУ-ын Нью-Йорк хотод амьдарч байгаад 1965-04-08нд 82 насандаа бүдүүн гэдэсний хорт хавдарын учир бурханы зарлигаар жанч халжээ.
Дэмчиг бурханы бүрэлбаа Дилов хутагт 13 хувилсанаас Монголд 9 удаа тодорсон зургаа дахь мэдрэхүйтэй амьд бурхан байж сүсэгтэн олны мөнхийн мэлмийд зул болон мөнхөд бадмалж байна. Эдүгээ Дилов хутагтын хойд дүр Халимаг улсад тодорсон бөгөөд Дилов хутагтын 14-р дүр Данзанламид юм. Тэрбээр улс орныхоо хөгжлийн төлөө ихийг хийж бүтээхийн төлөө буян номоо зориулж явна.
Ум сайн амгалан болтугай.