Сошиал орчин /фэйсбүүк/-д “Автобус машинтай мөргөлдөж 30 гаруй хүн нас барсан” гэх мэдээлэл цацагджээ. Энэ талаар цагдаагийн байгууллага мэдэгдэхдээ “Энэ бол ташаа мэдээлэл. Одоогийн байдлаар ийм хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй” гэж байгаа юм.
Иймээс иргэд та бүхнийг эх сурвалж тодорхойгүй, албан бус мэдээлэлд итгэхгүй байж, албаны эх сурвалжаас мэдээлэл авах, аливаа сайтыг хуулбарлаж бэлтгэсэн баримт, нотолгоогүй фишинг /хортой/ мэдээллийг үзэхээс татгалзах, тухайн мэдээллийг нээхийн тулд фэйсбүүкийн нууц үгээ бүртгүүлэхгүй байх зэргээр мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Харин өчигдөр Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Улаанбаатар хот, Говьсүмбэр аймаг хоорондын автозамаас Налайх дүүрэг рүү салдаг автозамын зорчих хэсэгт иргэн Х-гийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн “Элентра” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж, гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 13:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид очиж, иргэн Х /42 настай, эрэгтэй/ баруун хөлөө автомашины бүхээгийн хэсэгт хавчуулсан байсныг гаргаж, эмнэлэгт хүргэжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн голын автозамын зорчих хэсэгт иргэн Ү-гийн эзэмшлийн “Пронтер” загварын ачааны автомашин, иргэн Г-гийн эзэмшлийн “Эйч-Ди 55’’ загварын ачааны автомашинтай мөргөлдөж иргэн Ү /41 настай, эрэгтэй/, иргэн Э /37 настай, эмэгтэй/ нар автомашины бүхээгийн хэсэгт хөлөө хавчуулсан байсныг гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.