Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад буй. Тэдний дунд ТӨХ-ны дарга асан Д.Сугар байгаа бөгөөд тэрээр цэцэд үлдэх сонирхолгүй байгаагаа илэрхийлжээ.
Д.Сугарын хувьд МИАТ-ын гэх тодотголтой мөнгө угаах хэрэгт сэжиглэгдэж байх үедээ цэцэд орж ирсэн байдаг. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан асуудалд түүний нэр холбогдоод явж байдаг ч зээлийн асуудлыг огт мэдэхгүй, хуурамч бичиг баримт гэдэг тайлбарыг өгдөг. ХОМ-ээ худал мэдүүлсэн гэх мэт Д.Сугартай холбогдох хэд хэдэн асуудал түүнийг дагаж явдаг.
Харин одоо түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас халдашгүй дархан эрхийн хамгаалалт ч үгүй болж байгаа юм. Гэхдээ түүнд улиран сонгогдох эрх бас бий. Гэвч тэрээр цэцийн гишүүнээр ажиллахыг хүсэхгүй байна. Энэ тухай Д.Сугар сэтгүүлчид хэлсэн үгэндээ “Цэцийн гишүүнээр улиран сонгогдох хууль эрх зүйн орчин байгаа. Надад хүсэл алга. Бушуухан чөлөөлөгдөөд та нараас холдмоор байна.” гэжээ. Тэгэхээр бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Д.Сугар нь ажлаа хүлээлгэн өгвөл хууль хяналтын байгууллагаас шалгах боломж бүрдэх юм. Харин түүнийг шалгах болов уу?
Ямартай ч одоогоор түүний оронд цэцийн гишүүний суудалд суух эрхмийг сонготол Д.Сугар ажлаа үргэлжлүүлэн хийх ба энэ асуудлыг ойрын хугацаанд буюу ирэх долоо хоногоос УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх бололтой.