Палестинчуудын ширүүн эсэргүүцэл, олон орны зэмлэлийг үл хайхран, АНУ энэ сарын 14-нд Израйльд суугаа Элчин сайдын яамаа Иерусалимд албан ёсоор нээжээ. АНУ-ын Элчин сайдын яамны нээлтэд тус улсын Төрийн нарийн бичгийн дэд дарга Жон Сулливан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгчийн охин Иванка Трамп, түүний нөхөр Жаред Күшнер, АНУ-ын Сангийн сайд Стевен Тернер Мнүчин нар байлцжээ.
Франц, Ливан, Йордан, Египет зэрэг орны Засгийн газар, Арабын орнуудын холбооны албанаас тус тус мэдэгдэл хийж, АНУ-аас Израйльд суугаа Элчин сайдын яам Тел Авиваас Иерусалимд шилжсэн явдлыг зэмлэн буруушааж, эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Ингэхдээ тэд Израйлийн эрх баригчид зэр зэвсэг хэрэглэхдээ хүлээцтэй хандахыг уриаллаа.
Энэ өдөр Палестины ард иргэд орон нутгууддаа томоохон жагсаал хийж, Израйлийн цэрэгтэй мөргөлдсөнөөр одоогийн байдлаар Палестины 55 иргэн амиа алдаж, 2800 гаруй хүн шархадсан байна.
Иерусалимын асуудал бол Палестин Израйлийн энх тайвны байдалд саад болж буй гол хүчин зүйл юм. Израйль Иерусалимд бүрэн эрхтэйг олон улсын хамтын нийгэмлэг бүгд хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Израйльтай дипломат харилцаатай маш олон орон Элчин сайдын яамаа Иерусалимд бус харин Тел Авивд нээсэн байдаг юм.