УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор Ардчилсан намын бүлгээс өгөх дүгнэлтийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019- 2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ.Дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ сэргэхийн зэрэгцээ ОУВС хөтөлбөрт хамрагдаж олон улсын санхүүгийн байгууллага, донор орнуудын тусламж нэмэгдэж, Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт орж эхэлсэн нь Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтэд эерэгээр нөлөөлж байна. Гэвч 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн алдагдлын бууралт, орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, тэвчиж болох урсгал зардлын хэмнэх зэрэг чухал үзүүлэлтүүд тусгалаа олсонгүй.
Төсвийн орлогын талаар:
-Монгол улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн нийт орлого өмнөх оноос 35.8 хувиар буюу 2.087.4 тэрбум төгрөгөөр өсөж 7.922.5 тэрбум төгрөгт хүрсэн юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2018 оны эхний улирлын байдлаар 1,810.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 306.7 тэрбум төгрөг буюу 20.4 хувиар өсчээ. Энэ бүхэн дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ 2016 оны 8 сараас өсөж эхэлсэнтэй шууд холбоотой. 2019 онд нийт орлого 2018 оны батлагдсан төсвийн нийт орлогоос 1.884.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр тооцоолсон байна.
Төсвийн зарлагатай холбоотойгоор:
-2019 онд нийт зарлага 2017 оныхоос 2 их наяд төгрөг, урсгал зардал 1 их наяд төгрөг, хөрөнгийн зардал 1.2 их наяд төгрөгөөр өсөхөөр төсөвлөсөн байна. Ийнхүү төсвийн зарлага данхайтал тэлж эхэллээ. Энэ нь уул уурхайн эрдэс баялгийн үнэ өсөж эхэлмэгц төсвийн зардлыг 50-60 хувиар огцом өсгөдөг өвчин дахин сэдэрснийг илтгэнэ. Эргээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж, эдийн засаг хумигдах үед тэлсэн төсөв асар их хүндрэл авчирдгийг 2012-2016 оны төсвийн жилүүдэд туулж өнгөрүүлсэн туршлагаас харж болно. Иймд эдийн засгийн үзүүлэлтүүдээс нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ, зарлагын өсөлт, хөрөнгийн зардлын хэмжээг бодитойгоор тооцож, холбогдох өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй юм. Эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнийн савалгаа сөрсөн төсвийн бодлого нь “Зарлагыг орлогоос тусгаарлаж их хэмжээний орлого орж ирсэн ч зарлагыг дагуулж огцом өсгөхгүй байх” алтан дүрэмтэй гэдгийг дахин сануулж байна.
Өр, зээлийн асуудалтай холбоотойгоор:
-Монгол Банкны гаргадаг статистик үзүүлэлтээр Монгол Улсын нийт гадаад өр 2017 оны IV улирлын байдлаар 27 тэрбум 413 сая ам.доллар буюу 65.6 их наяд төгрөгт хүрсэн. ОУВС хамтарсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн задаргааг авч үзвэл нийт санхүүжилт 5.5 тэрбум гаруй ам.долларын өр нэмэгдэхээр байна. 2018 он гарсаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Солонгос улсаас 700 сая, Хятад улсаас 500 сая, Монголын 24 аж ахуйн нэгж 30 орчим хамтын ажиллагааг Хятадын компаниудтай эхлүүлж энэ нь мөнгөн дүнгээр 4.6 тэрбум ам.доллар, УИХ дарга М.Энхболд Турк улсад айлчилж 300 сая ам.доллар… гэх зэргээр өр зээлийн хэмжээ цаг минут тутам өсөн нэмэгдэж байгаа. 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд засгийн газрын өрийн нийт хэмжээ 2019 онд 24.428.8 тэрбум гэж тооцсон, гэтэл 2019 оны мэдэгдэлд 19.210.2 тэрбум буюу 6.218 тэрбумаар огцом буурсан учир шалтгаан нь тодорхой бус байна.