Эрүүл мэндийн сайдын 2018 оны 191 дүгээр тушаалын дагуу дархлаажуулалтын ээлжит 10 хоног “Дархлаажуулалтын бүртгэл, мэдээллийг цахимжуулъя” уриан дор 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн улс орон даяар зохион байгуулагдаж байна.
Уг 10 хоногийн үеэр дархлаажуулалтын бүртгэл мэдээллийн цахим програмыг нэвтрүүлэх бөгөөд цахим санг бий болгосноор хүүхэд бүрийг товлолын вакцинаар хугацаанд нь дархлаажуулах, халдварт өвчний эсрэг хүн амын дархлааны түвшинг тодорхойлох, өрх сумын эмч, сувилагч нарын ажлын ачааллыг эрс багасгах үр дүнтэй арга хэмжээ болох юм.
Түүнчлэн бүртгэлийн санг ашиглан эх, хүүхэд бүрт харьяаллын дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлнэ.
Вакцины талаарх сөрөг мэдээлэл, цуурхалын тандалт, хариу мэдээлэл өгөх арга зүй сургалт зохион байгуулагдаж байна
Дархлаажуулалтын 10 хоногийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Вакцины талаарх сөрөг мэдээлэл, цуурхалын тандалт, хариу мэдээлэл өгөх арга зүй” сургалтыг зохион байгуулж байна.
Шинэ нийгмийн эрүүл мэнд ТББ-ын хийсэн “Вакцинд эргэлзэх байдлын судалгаа”-гаар нийт эцэг эх, асран хамгаалагчдын 93.5% нь вакцины ач холбогдлыг хүлээн зөвшөөрч байсан бол 27.3% нь вакцины аюулгүй байдалд үл итгэдэг, 13.7% нь эмнэлгийн ажилтанд сэтгэл ханамжгүй байснаас, 16.6% нь бусад шалтгаанаар хүүхдээ вакцинаас хоцроодог нь тогтоогджээ. Мөн олон нийтийн сүлжээгээр дархлаажуулалтын эсрэг худал мэдээлэл түгээх, дархлаажуулалтын эсрэг лобби бүлэг байгуулах зэрэг нь дархлаажуулалтын хамралтыг бууруулан, улмаар халдварт өвчний дэгдэлт гарах нөхцлийг бүрдүүлэхэд гол хүчин зүйл болж байгааг анхааруулсан байна.
Иймээс дээрх сургалтаар дархлаажуулалтын сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан дархлаажуулалтын талаарх сөрөг мэдээлэл, цуу ярианд тандалт хийх, хүн амын дунд гарч байгаа цуу яриа, эргэлзээ төрүүлсэн асуудал, үйл явдлыг баталгаажуулах, эцэг эх, асран хамгаалагчдад үнэн бодит мэдээллийг хүргэх ур чадвар эзэмшүүлэх талаар сурган, гарын авлага гаргах юм.
Уг сургалтад нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, ХӨСҮТ, НЭМҮТ, ЭХЭМҮТ, Дархан-Уул аймгийн ЭМГ-ын эмч мэргэжилтнүүд оролцож байна.