Хэнтий аймгийн төв Чингис хот 20 гаруй мянган хүн амтай. Зах зээлийн системд шилжсэнээс хойш нийтийн тээврийн үйлчилгээ зогссон энэ хотод 30 гаруй жилийн дараа нийтийн тээврийн үйлчилгээ дахин явуулах талаарх судалгааны ажлууд хийгдэж байна. Чингис хотын иргэдийн санал хүсэлт, эрэлт хэрэгцээний үндсэн дээр Иргэдийн нийтийн хурлаар орж дэмжигдсэн уг асуудлыг Чингис хотын захирагч Ц.Идэрбат Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгад уламжилснаар эхний шатны ажлууд хийгдэж эхэлжээ.
Ингэхдээ Монгол Улсад үйлдвэрлэгдэж байгаа цахилгаан автобусыг нийтийн тээвэрт явуулахаар зорьж байгаа юм байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Гантулга Үндэсний үйлдвэрлэгч “Эко бус” ХХК-ийн үйл ажиллагаа, автобус үйлдвэрлэл болон Чингис хот доторх нийтийн тээвэрт явуулахаар төлөвлөж байгаа эко автобустай танилцжээ. Төсөл хэрэгжиж эхэлснээр 8 ширхэг Эко бус автобус Чингис хотын 8 чиглэлд иргэдэд үйлчлэх боломжтой болох юм байна.