Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх 1.47 км авто замыг шинээр барьж өнөөдөр ашиглалтад өглөө. Энэхүү замыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “True road” компани хийж гүйцэтгэсэн. Шинэ зам 1.47 км урт, 7 метр өргөн, хоёр талдаа тус бүр 1.5 метр өргөн явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй иж бүрэн зам болжээ.
Авто замын нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Сонгинохайрхан дүүрэгт бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэж байна. Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хороог дамнасан 2.2 км авто зам, Толгойтын шинэ зам, Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх 1.5 км авто замууд хийгдлээ. Энэ зам тус дүүргийн 30, 31 дүгээр хороогоор дамнасан 2.2 км замтай холбогдож цаашаа “Ард Аюушийн өргөн чөлөө”-тэй холбогдож баруун гадна тойруугийн том авто замын урсгал эзэлсэн ийм зам болно. Нийт 13 км урт юм. Уг замын ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна” гэж ярилаа.
Уг зам бүрэн ашиглалтад орсноор Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтлийн эмнэлгийн арын замаас Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны авто зам, түүнчлэн Толгойт, Тахилт, Баянголын амын томоохон замуудыг холбох нэг холбоос зам юм. Ингэж холбосноор хотын баруун тойруу буюу Энхтайваны өргөн чөлөөтэй параллель, хэвтээ тэнхлэгийн 13 км сүлжээ зам бий болох юм.
Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Энэхүү 1.47 км авто замын ажлын зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Замын сангийн хөрөнгөөр 1.4 тэрбум төгрөгийн төсөвтэй нийт 13 км зам юм. Москва хорооллын арын 900 метр замын ажил хийгдэж байна. Ирэх жил үргэлжлээд Нарангийн гудамжны зам Толгойтын хуучин эцэс хүртэл баригдахаар төлөвлөж байна” гэлээ.
Энэ онд Толгойт-Орбит чиглэлийн авто замын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх авто замд их засвар хийснээр Улаанбаатар хотын Авто замын сүлжээний баруун тойруугийн нэвтрүүлэх чадвар хоёр дахин нэмэгдэж, авто замын ачаалал эрс буурна гэж үзжээ. Мөн нийслэлийн иргэдийн аюулгүй, ая тухтай байдал хангагдан, амьдрах орчин сайжирч, тоосжилт буурахаас гадна зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, аюулгүй зорчих нөхцөл улам нэмэгдэж байгаа аж.