НӨАТ-ын тавдугаар сарын урамшууллаас 50 сая төгрөг хожсон супер азтан Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Г.Батцэцэгт өнөөдөр батламжийг нь гардуулан өглөө.
Тодруулбал, 2018 оны тавдугаар сарын 20-ны өдөр явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролд дөрөвдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны тавдугаар сарын 19-ний 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 19,361,694 баримт хамрагдсан билээ.
Энэ удаагийн тохирлоор 10 сая төгрөгийн 1, 5 сая төгрөгийн 16, 1 сая төгрөгийн 174, 200 мянган төгрөгийн 1769, 50 мянган төгрөгийн 17549 баримт тохиролд таарч, нийт 19509 иргэн азтан болж, 50 сая төгрөгийн супер азтан 1 тодорсон юм. Супер азтан Г.Батцэцэг сумынхаа “Наранзаяат” хэмээх дэлгүүрээс 8500 төгрөгийн худалдан авалт хийсэн баримтаараа ийнхүү супер азтан болжээ. Тэрээр 2017 оны зургадугаар сарын баримтаар 100 мянган төгрөг хожиж байсан гэнэ.
Дашрамд дурьдахад, Сүхбаатар аймгийн Наран сум аймгийн төвөөсөө 220 км-т байдаг бөгөөд хилийн сум гэдгийг Г.Батцэцэгийн аав Ч.Гомбожав гуай хэлж байсан юм. Мөн тэрээр сумынх нь 10 орчим дэлгүүр бүгд НӨАТ-ын баримт өгдөг хэмээгээд хүн бүхэн баримтаа авч, байнга бүртгүүлбэл, азтан болох нь байна шүү гэсэн юм.