“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хэвлэлийн хурал хийх болгондоо УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлж, хуулийн байгууллагад хандаж шалгуулахаа мэдэгдсэн байдаг. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, гавьяат хуульч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг тав дахь удаагаа хашиж буй Ц.Нямдоржийн эхнэр, хүүхдүүдийнх нь нэр дээр 17 үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг бөгөөд тэдгээрээс 14 орон сууцны эх үүсвэрийг шалгаж өгөхийг АТГ-аас хүссэн байна. Түүний хүсэлтийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ц.Нямдоржийг шалгаж байгаа талаар албан бичгээр хариу хүргүүлжээ. Уг бичигт “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хан-Уул дүүргийн нутаг дахь Bella vista хотхонд түрээсийн орон сууцанд амьдарч байгаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж байгаа” хэмээн дурджээ. Мөн хэргийг шалгаж дуусаад холбогдох бүх мэдээлийг өгнө гэдгийг ч дурдсан байна. Ц.Нямдорж сайд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо түрээсийн байранд амьдардаг хэмээн удаа дараа мэдэгдэж байсан юм. Тэгвэл энэ удаа АТГ-аас Ц.Нямдорж хэний түрээсийн байранд амьдрач байгаа болон мөн гэр бүлийнх нь нэр дээр байдаг бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг нь шалгаж эхэлжээ.