Завханы Утга зохиолын нэгдэл, Боролдой номын дэлгүүрээс хамтран зохион байгуулж буй “Өв соёлоо өлгийдөе” нэртэй номын баринтаг хийх аянд өнөөдрийн байдлаар 3200 гаруй баринтаг цугларчээ. Аяныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн зохион байгуулж өнөөдрийн байдлаар 9 сум, 14 байгууллага, 70 гаруй иргэн оролцож, баринтаг хандивласан байна.
Аянд Завхан аймгийн 24 сумын төрийн болон ТББ, хувь хүн, хамт олон хэн ч оролцох боломжтой гэдгийг аян зохион байгуулагчид дахин мэдээллээ. Аян ирэх долдугаар сарын нэгэн гэхэд дуусах бөгөөд наймдугаар сарын наймны өдөр нийт 8888 ширхэг баринтагийг Монгол Улсын Үндэсний номын санд хүлээлгэн өгөх юм. Энэ аян бол өвөг дээдсээс өвлөгдсөн үнэтэй ховор ном судрыг баринтаглах эртний уламжлал ёсыг сэргээж, Монголын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй баринтаггүй болон баринтаг нь хэт хуучирсан 20 мянга гаруй ном сударт зориулж номын баринтаг хандивлах сайн дурын ажил юм.
“Өнөөдрийн байдлаар цугларсан зарим баринтагын оёдолд шаардлага хангаагүй зүйл гарч байна. Зарим баринтагны бүчинд нь хятад зоос бэхэлж өгсөн нь зохимжгүй байгаа. Монгол бичгээр ”бүү цад” гэсэн бичиг бүхий хятад зоосыг бэхэлж оёсон байсан. Монголын үүх түүхийг хадгалсан үнэт оюуны бүтээл болох судар номыг өлгийдөж баринтаглах гэж байгаа учраас баринтаг оёх зааварчилгааны дагуу баринтагийг оёж ирүүлэхийг бид хүсэж байна. Зоосны оронд модон чагтага юмуу бороо зангидах, шагай бэхэлж өгөх боломжтой юм. Мөн хадгалалт даах чанартай материалаар оёх хэрэгтэй байна. Зарим баринтагийг бид дахин засварлаж оёж байгаа. Тиймээс зааврын дагуу оёж ирүүлэхийг иргэддээ уриалж байна” хэмээн Боролдой номын дэлгүүрийн захирал Н.Норжмаа мэдээллээ.