Тэр хүн монгол хүн. Тэр, Монголын төлөө төрсөн хүн. Тэр, Монголын төлөө тэмцсэн хүн. Тэр, Монголын төлөө амьдарсан хүн. Тэр, Монголын төлөө хорвоогоос хагацсан хүн. Тэр үхээгүй, түүнийг үхүүлсэн.
Дайсан түүнийг үхүүлээгүй. Төр нь түүнийг үхүүлсэн. Түүнтэй ажил үйлс, эрдэм ухаан, алдар хүндээрээ өрсөлдөөд давж гарах хүн түүнээс хойш тодорч гарч ирээгүй, хүлээсээр гучин хэдэн жилийг ар тийш нь эвхэн тавьжээ. Харин тэр хүнийг давж гаръя гэвэл түүний намтар түүхийг алдар гавьяатай нь хамт устгаж үгүй хийх ганцхан боломж үлдсэнийг гадаадын гар хөл болсон манайхны улс төрчид илүү сайн ухаарсан шиг байна. Энд эцсийн бодит үр дүнгээр нь баримтжуулан ингэж дүгнэж байгааг эрхбиш ойлгоно буй заа.
Хэрэвхүйеэ ийм байр сууринаас хандвал Монголыг улс шиг улс болгосон учраас тэрнийг үхүүлсэн юм байна. Монгол хүнийг хүн шиг хүн болгосон учраас тэрнийг үхүүлсэн юм байна. Нүүдлийн мал аж ахуй дагнасан монгол орныг аж үйлдвэр, хөдөө аж ахуй хосолсон Монгол орон болгосон учраас тэрнийг үхүүлсэн юм байна. Боловсролгүй Монголыг боловсролтой соёлч Монгол болгосон учраас тэрнийг үхүүлсэн юм байна. Цоохор нүүртэй, эмгэг өвчинд баригдсан монгол хүнийг бүтэн нүүртэй, эрүүл сайхан монгол хүн болгосон учраас тэрнийг үхүүлсэн юм байна. Монголын хүн амыг бараг гурав дахин олон болгосных нь төлөө тэрнийг үхүүлсэн байна. Монголыг туурга тусгаар, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн Монгол Улс болгосны төлөө түүнийг үхүүлсэн юм байна. Тэр хүнийг төрсөн эх оронд нь үхүүлээгүй. Тэр хүнийг харийн гүрэнд үхүүлсэн. Нутаг усныхаа барааг хараад үхье гэсэн эцсийнх нь гуйлтыг огт хайхрахгүй долоон жил хясан боож, харийн нутагт гашуун нулимсыг нь шавхаж байгаад үхүүлсэн гэж байна.
Түүнийг төрөлх эх оронд нь ирүүлэхийг зөвшөөрөхгүй тийнхүү харь оронд үхүүлсэн явдал бол яалт ч үгүй төр засгийн зүгээс тов тодорхой санаа зорилготой үйлдсэн улс төрийн хэлмэгдүүлэлт мөн. Монгол Улсын ардын төрийн тэргүүн өөрөөр хэлбэл, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын албан тушаалаас өөрт нь мэдэгдэхгүй дур мэдэн халсан явдал нь бас яах аргагүй улс төрийн тодорхой санаа зорилго бүхий улс төрийн хэлмэгдүүлэлт байсныг судлаачид баримт түшин өгүүлж байна. Олон олон ээдрээ түвэгтэй, эмзэг нарийн үйл явдлыг нүдээр үзэж, сэтгэлээрээ мэдэрч явсан эгэл жирийн олон түмэн энэ мэтийн сэтгэл сэрдхийм үнэнийг гадагш нь биш дотогшоо өгүүлж байна.
Бараг хагас зуун жил Монголын жолоодогч байсан байтлаа зүгээр л энгийн нэгэн тохиолдлын генералын зэрэг дэвээр түүнийг оршуулсан учир шалтгаан бас байдаг байна. Улсын ба хөдөлмөрийн баатар, Монгол Улсын маршал цол хийгээд Ленин, Сүхбаатарын одон зэргийг нь хураахад хүртэл ганц үг дуугараагүй хүн. Үхлийн босгонд тулсан тэр хүн тийм үед өөрөөр яалтайсан билээ. Ай хөөрхий, яасан ч харалган сохор хорвоо гэгч энэ билээ! Тэр хүн төрөлх Монголоо өндрийн оргил, гүний хязгаар, өргөний зах, үнэний туйлд хүргэхсэн. Гэхдээ дөчин хэдэн жил нойроо хугасалж, хоолоо хагасалж явсан. Тэр хэдүйгээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч одоо хэр нь шарилын хавтан дороос өглөгийн гараа сунган тэжээсээр байдаг юм байна.
Шинэ үеийн олон олон хүн түүнийг хурц ширүүн шүүмжилснээрээ ардчилсан үзэлтний эчнээ бэлэг хүртэж барууны эздэд өндөр үнэлэгдэж, ардчилсан төр зас гаас алдар цол хүртэж албан тушаал ахин дэвшсэн гэж байна. Эдүгээ ч төрсний нь зуун жилийн ойг тохиолдуулж түүнийг албан тушаалаас нь зүй бусаар халж, харийн нутагт олон жил хорьж цагдан байсан, нэр хүндэд нь хүмүүнлэг бусаар хандаж байсны гэм бурууг төр засгаас цагаатгах тухай Ардын намын зүгээс санал гаргахад зарим холчиргон нөхөд сүрхий мэдэмхийрэн татгалзаж, зэрэг зиндаагаа дээшлүүлсэн гэж байгаа. Тэр хүний үнэнч шударга араншин, нөр хичээнгүй идэвх зүтгэлээс үлгэр жишээ авах гэж түүний тухай олон дахин яриад байгаа хэрэг огт биш гэж байна.
Хамаг муу муухай гэм нүглээ чихдэг томоохон багтаамжтай хогийн сав болгох гэж түүний нэрийг ахин дахин чанга чангаар онцолдог гэж байна. Яахав яахав миний сайхан монгол ах дүү нарт минь хэрэгтэй л болоод тэгж байгаа байлгүй, хамаг гэм нүглээ чихвэл чихэж л байг, алдар нэрээр минь наймаацвал наймаацаж л байг гэсэн шиг шарилын бунхан нь хүртэл найр тавих мэт налайж байдаг гэх. Ийм л нэг ижилгүй хүн ХХ зуунд Монголд төрөөд бие барсан байдаг юм. Энэ хүний нэрийг би хэлээгүй байна. Тэр хүнийг тэртэй тэргүй нийтээрээ мэднэ. Тэр хүн зөвхөн цаасанд бичдэг овог нэрээрээ төдий бус, түмэн олны зүрхэнд үлдсэн хүмүүнлэг ухаалаг нинжин сэтгэл, эцэж цуцдаггүй хөдөлмөрч чанараараа бүхний танил болсон хүн.
Дэлхий нарыг тойрдог учиртайг нотолсон алдарт Галилей тэргүүт суут хүмүүс хүн төрөлхтөнд тийм аугаа нээлт хийж өгснийхөө төлөө тамлуулан хорвоог орхисонтой адил тийм гаслант гашуун өшөө хорсол энэ хүнийг няц даран үгүй хийжээ. Тэр хүн, тэнгэрийн хүч хоёрын хооронд ямар нэг холбоо хэлхээ байсан юмсан уу хэн мэдэх билээ. Ямар ч атугай тэр хүн 1916 оны луу жил хорвоод мэндэлсэн байдаг. Хорин тавныхаа луу жил болох 1940 онд Ардын намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ. Гучин долооныхоо луу жилд БНМАУ-ын Ерөнхий сайд болжээ. Дөчин еснийхөө луу жил дээр 1964 онд намын эсрэг бүлгийн дайралтад өртөөд тэсч үлдсэн байна. Жаран нэгний жилд 1976 онд Монгол Улсын баатар цолоор шагнуулж, төдий удалгүй улсын маршал болсон байдаг. Тэр хүний овог нэрийг хэлье.
Түүнийг Юмжаагийн ЦЭДЭНБАЛ гэдэг юм. Ийм нэрийг сонсохуйяа манайхны нэг нь баясч, нөгөө нь багтарч, гурав дахь нь алмайрч суугаа. Монголд үхэх төрөхөөсбусад нийтлэг үнэнзүйл бараг байхгүй болж, цагийн салхиар зүг чигээ заалган хорвоогийн шар нар, бор хоногийг өнгөрүүлдэг болсон юм чинь өөрөөр яахсан билээ. Тэр хүн өнөөгийн дур зоргоор бусдыг дарамтлан гуч дөчин жил Монгол Улсын удирдагч нь болж яваагүй. Намын Төв Хорооны үе үеийн даалгавар, хамтран зүтгэгчдийн хүсэлт шаардлагаар тийнхүү Ардын намыг манлайлж, Монголын төрийг тэргүүлж явсан. Ийм байтал 1990 оны үеийн Ардын намын Төв Хорооны гишүүд нь \”шарыг үзэн шарваж, улааныг үзэн урвана” гэгчийн үлгэрийг үзүүлэн нүүр буруулж, тэр бүү хэл түүнийг эзгүйчлэн хуйвалдаж 1984 онд бүх албан тушаалаас нь авч хаях үед өөрсдийн баталсан тогтоолын дүгнэлтээс хүртэл ам буцаж хүчингүй болгосонд Монголын олон нийт дургүйцдэг. Цагийн салхинд хийсэх МОНГОЛ гэдэг энэ улс гүрэн, агаа рын салхинд хийсэх нам рын хамхуул хоёрт ялгаа эрх биш байдаг л байх.
Нөхөр Ю.Цэдэнбал харьцангуй богино насалж дөнгөж 76-тайдаа бурхан болсон нь харамсалтай, басхүү өрөвдөлтэй. Гэхдээ ардчилсан нийгмийн өнөөдрийн дүр төрхийг хараагүй хорвоог орхисон нь нэгэн бодлын яамай даа яамай гэмээр. Хэрвээ гадаад дотоодын хэсэг бусад нөхөд \”Ардчилал” хэмээх ганцхан үгээр бүх Монгол түмнийг муужиртал нь илбэдэж байгаад төрийн хэргийг төөрөлдүүлж, улс нийгмийн хамаг баялгийг хаман цөлмөж байгааг тэр хүн өөрийн нүдээр харсан бол яах байсан бол гэхээс яс хавталзана. Үнхэлцэг зүрх нь хагарч үхэх хүн байсан гэлцэнэ. Тийм л хэмжээний эх оронч, хамтач нөхөрсөг оюун сэтгэлтэй хүн байсанд ойр дотныхон нь эргэлздэггүй. Мөдхөн болох Ардын намын 95 жилийн ойн баярыг угтуулан энэхүү \”Тэр хүн”-ийг онцлох учиртай болоод л онцолж байгаа нь энэ билээ.