Нийслэлийн Баянзүрх дүүргийн Баатар хот Москвагийн нэрэмжит, улсын тэргүүний, БСШУСЯ-ны лаборатори 33 дугаар дунд сургуулийн усан бассейн бүхий спорт цогцолбортой боллоо. Улсын түүхэнд төрийн өмчийн сургуулийг усан бассейн бүхий олон улсын стандартад нийцсэн цогцолбортой болгох ажлыг БЗД-ий Засаг дарга асан, Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Пүрэвдаваа санаачлан эхлүүлжээ.
Хоёр бассейн, спорт заал, чийрэгжүүлэлтийн танхим бүхий 1830 кв.м ашигтай талбайтай тус цогцолборыг улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан аж. Бассейн хоёр замтай бөгөөд том нь 25 метр бол жижиг бассейн нь 10 метрийн урттай юм байна. Дашрамд дурдахад, уг бассейнд 7 хоногт дунджаар 800 орчим хүүхэд хичээллэх боломжтой болжээ.