Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн, сургалт амжилттай явагдаж өндөрлөв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн, сургалтыг 2016 оны 02 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийт 84 удирдах албан тушаалтан хамрагдав.
Энэхүү зөвлөгөөнөөр өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэж, энэ онд хийж, хэрэгжүүлэх ажлынхаа бодлого чиглэл, төлөвлөгөөг хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга нартаа танилцуулан, тэднийг холбогдох мэдээлэл, үүрэг чиглэлээр хангахаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга нартай 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулсан юм.
Сургалт, зөвлөгөөний хүрээнд Хууль зүйн сайд тус арга хэмжээнд хүрэлцэн ирж холбогдох үүрэг чиглэлүүдийг өгөв.
Мөн Улсын ерөнхий прокурорын газар, Үндэсний тагнуулын академи, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх ерөнхий газар болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл ирж, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.
Мөн энэ үеэр ШШГЕГ-аас дэвшүүлсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлж, 2015 оны үр дүнгийн гэрээ, байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг дүгнэх үзүүлэлтээр шалгарсан анги, алба, салбар нэгжүүд болох нэгдүгээрт байрт шалгарсан Хорих 409 дүгээр анги, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба, Дорнод аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, Хоёрдугаар байрт шалгарсан Хорих 415 дугаар анги, Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба, Дундговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, \”Хэрэмт цамхаг” Улсын төсөвт үйлдвэрийн газар, Гуравдугаар байрт шалгарсанБагануур дахь Хорих 427 дугаар анги, Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, Замын-Үүд дэх шийдвэр гүйцэтгэх хэсэг болон \”2015 оны тэргүүний алба хаагчдад шагналыг нь тус тус гардууллав.
ШШГЕГ-аас 2015 оныг \”Байгууллагын эрсдэлийн менежментийг төлөвшүүлж, санхүүгийн нээлттэй зохист хэрэглээ, хяналтын тогтолцоог бүрдүүлэх жил” болгон зарлаж, алба хаагчдынхаа аюулгүй байдлыг ханган нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэн, шийдвэр гүйцэтгэлийн бодит биелэлтийг нэмэгдүүлэх, хоригдогсдын дундаас гэмт хэрэг, эрх зүйн зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, тэдний эрхийг хангах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажилаллаа.
2016 оныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэмжээнд \”ДЭВШИЛ, ЧАНАР, ЁС ЗҮЙН” жил болгох зорилт дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд:
\”ШШГБ-ын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын орчинг улам боловсронгуй болгож, шинэ төрлийн ялыг эдлүүлэх ажиллагааг зохион байгуулах;
Алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх, сургалтын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
Төрийн бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох үйл ажиллагаанд, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан, шуурхай байдлыг хангах;
Үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, ялтны хөдөлмөр эрхлэлтийг 100 хувьд хүргэх;
Байгууллага, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах материаллаг баазыг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.