Шанхай хотын их театрт энэ сарын 24-ний үдэш Шанхайн олон улсын XXI кино наадмын дээд шагнал болох “Жиньжүе” шагналыг гардуулах ёслол боллоо. Монгол, Швейцарийн хамтарсан “Out of paradise” кино энэ үдэш шилдгийн шилдгээр шалгарч “Жиньжүе” шагналын эзэн болсон юм. Мөн Хятадын “Ала Чанцо” кино шүүгчдийн нэрэмжит болон шилдэг кино зохиолын шагналыг хүртлээ.
Энэ наадмын шилдгийн шилдгээр шалгарч “Жиньжүе” шагналыг хүртсэн “Out of paradise” кино нь малчин хосын тухай буюу хосууд анхны хүүхдээ өлгийдөн авч буй тухай өгүүлжээ. “Энгийн боловч ээдрээтэй, үнэнч бөгөөд яруу уянгатай, аль ч талаас нь харсан сайн кино байлаа” гэж шүүгчид тус киног өндрөөр үнэлсэн байна.
Тэгвэл Хятадын “Ала Чанцо” кинонд мөргөл хийн аялж буй мөргөлчдийн тухай өгүүлсэн байна. “Ала Чанцо” гэдэг нь түвд үг аж. Түвд үндэстний “Ариун дарснаас амсаарай” гэсэн утгатай ардын дууны нэр юм байна. Энэ киног бодит түүхээс сэдэвлэж хийсэн бөгөөд кино найруулагч нь бүтээлээрээ дамжуулан хайр сэтгэлийг илэрхийлэхийг зорьж, хайр сэтгэл бол газар нутаг, шашин шүтлэгээс илүү хүчтэй гэдгийг нотлон харуулахыг хүсчээ.
Шилдэг найруулагчийн шагналыг Куба, Канадын хамтран бүтээсэн “Орчуулагч” кино, шилдэг эрэгтэй дүрийн шагналыг “Баасан гарагийн хүүхэд” кинонд тоглосон Америкийн жүжигчин Тей Шэридан, шилдэг эмэгтэй дүрийн шагналыг “Тадоусакын охин” кинонд тоглосон Канадын жүжигчин Изабелл Блайс нар хүртжээ.
Тус наадамд олон улсын нийт 47 кино анх удаа дэлгэцнээ гарч, 84 кино анх удаа Азийн дэлгэцнээ, 118 кино анх удаа Хятад улсад гарсан байна.