Саяхан Засгийн газраас ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг 5 хувьд шилжүүлэх журмыг баталсан. Энэ журам энэ сарын 15 буюу маргаашнаас хэрэгжиж эхэлнэ. Харамсалтай нь, банкууд маргаашнаас эхлэн хэрэгжих ипотекийн 5 хувийн хүүтэй зээл битгий хэл 8 хувийн хүүтэй зээл ч олгохгүй байгааг иргэд ихээр ярьж, хэлэх боллоо.
Тэгэхээр 5 хувь болгосон ч дэлхийд харьцангуй өндөрт тооцогдох ипотекийн зээлийг 8 хувиас 5 хувь руу буулгалаа хэмээн улстөрчдийн аль ч оронд байхгүй зүйлийг хийсэн мэт бардамнасан нь зүгээр \”шоу\” болж таарч байна уу. Дэлхийн орнуудад ипотекийн зээлийн хүү 0-ээс 3 хувьтай байхад манайд сонгуулийн буянаар 5 хувь руу буулгасан нь үнэхээр том ажил болов. Энэ утгаараа 5 хувьд шилжүүлэх ажлыг гардан зохион байгуулсан УИХ-ын дарга З.Энхболд ирэх сонгуульд ялах оноогоо хармаалах шиг боллоо.
Гэхдээ 5 хувь руу шилжүүлсэн ч түүнийгээ олгохгүй байвал буурсны хэрэг юу байдаг юм хэмээн иргэд сошиал ертөнцөд бухимдах болжээ. Харин ч буулгалаа хэмээн олгохгүй шоудаж байхын оронд 8 хувийн хүүтэй ч хамаагүй олгоосой хэмээн хэлэх болж. Тэгвэл дэлхийн орнуудад байр авах гэж буй залуу гэр бүлүүдийг ингэж дэмждэг байх юм.
Залуу гэр бүлүүдийн хувьд өөрийн гэсэн байртай болно гэдэг чанга даваа. Манайд зах зээлийн дундаж үнийг үзэхэд хамгийн багадаа 13-15 сая төгрөгийн урьдчилгаа төлж байж шинэ байранд орох боломжтой. Харин сардаа нэг сая орчим төгрөгийн орлоготой залуу гэр бүл хуримтлал үүсгэхгүйгээр байртай болох боломжгүй юм. Тэгвэл дэлхийн олон оронд залуу гэр бүлийг орон сууцжуулах тусгай хөтөлбөр хэрэгждэг байх юм. Манайд ч гэсэн эдгээр аргыг хэрэгжүүлж болох талтай.
Баруун Европ, Герман, АНУ-д \”Гэрээт хуримтлал” гэх практик хэрэгжээд олон жил болж байна. Германчууд энэ аргыг хуримтлалын касс гэх ч бий. Өөрөөр хэлбэл байртай болохоор зорьж буй иргэн хуримтлалын кассанд мөнгө төвлөрүүлдэг бөгөөд тухайн иргэний байршуулсан мөнгөн дүнд төрөөс урамшуулал олгодог аж.
Иргэн хэдий чинээ их мөнгө хуримтлуулна төдий чинээ их урамшууллыг төрөөс авдаг байна. Ингээд хуримтлалын мөнгө байрны үнийн гуравны нэгтэй тэнцэх үед төрөөс орон сууцны нийт үнийн 10 хувьтай тэнцэх мөнгийг нэмж олгодог. Үлдсэн мөнгийг Хуримтлалын касснаас маш бага хүүтэй зээлийн хэлбэрээр олгодог.
Орон сууцны хуримтлалын өөр жишиг Франц, Англид байдаг. Францад тухайн иргэн хуримтлалын дэвтэр нээлгэж дансандаа 100 мянган франк хуримтлуулсны дараа жилийн 3,75 хувийн хүүтэй орон сууц авч болно. Харин төрийн зүгээс тухайн иргэний жил болгоны хуримтлал дээр 7500 франкийг урамшуулал болгон өгдөг.
Тэгвэл Финляндад байр авах залуу гэр бүлийг бүх төрлийн татвараас 78 хувиар хөнгөлдөг байна. Хугацаа нь 20-25 жил, жилийн хүү 3 хувь. Мөн тухайн гэр бүл хэдэн хүүхэдтэйгээс хамаараад орон сууцны нийт үнийн 20-25 хувийг төрөөс өгдөг жишигтэй байх юм.