Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын бага хуралдаанд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцоно. Хурлын үеэр үүсэх замын ачаалалыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албатай зөвшилцсөний дагуу Гэндэнгийн гудамж, Сүхбаатарын гудамжийн замуудыг хэсэгчлэн хаах талаар бид мэдээлсэн билээ.
Азийн сайд нарын хурлын үеэр Ази, Номхон далайн бүс нутгийн улс орны төлөөлөгчид “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц, дэвшлийг үнэлж дүгнэн бодлогын гурван томоохон баримт бичгийг батлан гаргана. Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай улс орны тоог нэмэгдүүлэх 2018-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл, Улаанбаатарын тунхаглалыг батлан гаргах юм.
Харин Монгол Улсын Засгийн газар “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хоёр онцлох хуралдааныг удирдан зохион байгуулж буйгаар ихээхэн онцлог ач холбогдолтой юм. Энэ хуралдаанаар бүс нутгийн хэмжээнд шинэ эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэн тэргүүнд анхаарах асуудлын талаар хэлэлцэж үндэсний болон гадаад улс орны төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүлэх бөгөөд бүс нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зөвлөмж болон хүргэгдэнэ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын нээлт өнөөдөр Төрийн ордонд 16:00 цагт болно.