Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөслийг нэмэхийг шаардаж Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 5-ны 08.30 цагаас хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаа өнөөдөр мэдэгдлээ. ЭМЯ болон МЭМАҮЭХ-ноос энэ оны 5 дугаар сард “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээр” байгуулжээ. Гэвч ХНХЯ-наас уг хэлэлцээрийг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хэлэлцээрт тусгахаас татгалзсан байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, хөлсийг нэмэхийг шаардаж ажил хаялт зарлах болсон бөгөөд үүнд 207 эмнэлгийн 16 мянга гаруй ажилтан нэгдэхээ илэрхийлснийг МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар хэллээ.
Тэрээр, “Зарим эмнэлгийн дарга нар ажил хаялтад нэгдсэн эмч, сувилагчдыг дарамталсан тохиолдол гарсан. Энэ салбарын ажилтнуудын цалинг нэмэхэд 13 тэрбум төгрөг шаардлагатай. Ажил хаялт эхэлсний дараа эмнэлгүүдийн мэс засал, түргэн тусламж, төрөх эмнэлэг, сэхээн амьдруулах, гэмтлийн тасгууд хэвийн ажиллана. Харин хэвтэн эмчлүүлэх, үзлэгийн тасгууд ажиллахгүй” гэв. МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн Н.Адьяа, “МҮЭХ-ноос ажил хаялтыг хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэг бүхий 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Цалин нэмэх асуудлыг Засгийн газар болон МҮЭХ-ны зөвшилцлийн аргаар шийдвэрлэх боломж байсан. Гэвч Засгийн газар үүргээ биелүүлээгүй улмаас хөдөлмөрийн маргаан үргэлжилсээр байна. Ажил хаялт бол эцсийн шатны арга хэмжээ юм. Үүнээс үүдэн хүний эрүүл мэнд хохирох асуудал үүсвэл хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой” гэлээ.