Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эмчилгээ, эм биобэлдмэл, эрүүл ахуй, халдвар хамгаалал, цөмийн болон цацраг, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт явуулжээ. Энэхүү шалгалтаар эмнэлгүүдэд илэрсэн нийтлэг зөрчил илэрсэн байна. Тухайлбал: Араат-Уул ХХК-ний эмнэлэг нь мэдрэл, нөхөн сэргээх, гоо заслын мэс засал, арьс харшил чиглэлээр, Тойгын тал, Авецина, Намар, Астма, Сосмедикал эмнэлэг нь яаралтай тусламжийн салбарыг хүчин чадлаар нь явуулаагүй . Жей Жей органик ХХК-ийн эмнэлэгт БНСУ –ын иргэн Cho Sungbi /Жу Сын Би/ эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй эмчилгээ хийсэн. ӨЭМТ-үүд нь хүн амын өвчлөлийн судалгааг гаргаж, үнэлгээ дүгнэлт өгч ажиллаагүй. Бүртгэгдсэн хүн амыг эрүүл мэндийн 5 бүлгээр ангилж, бүлэг шилжүүлэлтийн хувийг нэмэгдүүлж ажилласан байдал хангалтгүй. Мөн Зүтгэл найдвар, Баянзүрх эмнэлэг, Энхийн төлөө, Топуна, Төгсун, Ливмед, Сэрсандэмид, Тойгийн тал эмнэлгүүд нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж гаргаагүй, ажилчдад сургалт явуулаагүй байсан байна. Мөн Цацрагийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй “Хаппи веритас” ХХК, “Онон энд партнерс” ХХК, “Анч-Од” ХХК, “Экспресс оношилгооны төв” ХХК, “Тойгийн тал” ХХК, “Сүлд болд” ХХК, “Аргабилэг тогтох” ХХК, “Халиун” эмнэлэг, “Ган-Эвээ” ХХК, “Сайханбамбуу” эмнэлэг, “Сайхан шүд” ХХК, “Зонсэй” шүдний эмнэлгүүдийн нийт 12 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоосон байна.
Гадуур 600 төгрөгөөр зарж байгаа эмийг хувийн эмнэлгүүд 1800 төгрөгөөр худалдаалж байна
Энэхүү зөрчилтэй гарсан эмнэлгүүдийг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулун “Хурлын шийдвэрээр 29 эмнэлгийн үйл ажиллагааг цуцална. Тайлбар сонсохгүй. Тусгай зөвшөөрөл аваад хувийн эмнэлэг байгуулчихаад өглөө Улсын эмнэлэг дээр гурван цаг ажилчихаад, үдээс хойш хувийн эмнэлэг дээр ажиллаж байдаг. Өвчтөн яваад очихоор улсын эмнэлэг дээр ачаалал их байна гээд хувийн эмнэлгээ зааж өгч явуулдаг. Ингэж хувийн бизнесээ хийж, эм тариа шахаад сууж байдаг. Энэ худлаа биш биз дээ? Иргэд аргаа бараад энэ үйлчилгээг авч байгаа. Гадуур 600 төгрөгөөр зарагдаж байгаа эмийг хувийн эмнэлгүүд 1800 төгрөгөөр худалдаалж байна” гэв. Зөрчил гаргасан 17 хуулийн этгээд, 15 хүнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн, нийт 30,1 сая төгрөгийн торгууль ногдуулж, 100% барагдуулж ажилласан байна.