Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Охидын 49 кг-ын жинд өсвөр үеийн УАШТ-ий алт, мөнгөн медальт, “Асашёорюү Кап” өсвөр үеийн ОУТ-ий аварга, “Женко” клубийн тамирчин М.Мөнхгэрэл хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдлаа. Тэрээр 1/8 шигшээд Тайваны Ху Суан Юиг 7:2-оор, шөвгийн наймд өнгөрсөн жилийн өсвөр үеийн ЕАШТ-ий мөнгөн медальт Румыний Беатрисе Ферентийг 7:0-ээр тус тус ялсан ч хагас шигшээд ОХУ-ын Полина Лукинад 4:12-оор, хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Пан-Америкийн аварга, АНУ-ын Тиаре Линн Дизонд цэвэр ялагдав.
Тэгвэл 46 кг-д өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үеийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргал алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Тэрээр 1/8 шигшээд Энэтхэгийн Деви Санжуг, шөвгийн наймд Румыний Ана Марья Пирву нарыг тус бүр оноогоор цэвэр, хагас шигшээд АНУ-ын Оливия М Шорыг 2:0-ээр ялснаар маргааш Японы Сакүра Мотокитой алтан медалийн төлөө барилдана. Түүнчлэн 53 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Эрдэнэсувд маргааш дагах барилдаан хийхээр болжээ.