Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай
Намрын будан бүрхчихнэ ай хөөрхий
Насан өндөр аав ээжээ хайрлаарай
Нартын жам булаачихна ай хөөрхий
Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай… хэмээн дуу уянгалдаг юм. Хааяа сонсохоор сэтгэл уужирч, гудамжинд гүйж гараад хажуугаар өнгөрөх хэн нэгэнд чин сэтгэлийн инээмсэглэл бэлэглэмээр, даарч бээрсэн нялх гөлгийг гэртээ аваад харьчихмаар, ижийдээ очиж эрхэлмээр тийм нэг сэтгэл гэгэлзсэн намрын орой хэн нэгнийг догдолж хүлээмээр санагддаг болсоор багагүй хугацаа өнгөрчээ.
“Хайрлаарай” дууг дуулсан бичлэг нь сошиал ертөнцөөр түгэж, олны танил болсон “Эрдэнэзуу” хийдийн хамба лам Х.Баасансүрэнгийн ном хэвлэгдэж, нээлт нь болох сургаар очлоо. Халаасанд багтахаар жижигхэн ч зузаан ном болжээ. Нэр нь “Зүрхийг тань дайлъя” гэсэн содон нэртэй. Х.Баасансүрэн ламын “Ухаарахуй” цуврал лекц нэлээд олон удаа сонсогчдод хүрсэн. Тэрээр бурхны ном гэхээсээ илүү зөв хүн байх талаар ярьж, тэр нь ч сонсогчдод хүрч чаддаг. Тэгвэл тэрээр лекцийнхээ үеэр ярьдаг зүйлсээ ном болгон баринтаглаад уншигчдын зүрхийг номоор дайлж байгаа нь энэ аж.
Номын нээлт гэхэд цуврал лекцийнх нь л нэг шиг. Жаахан ялгаатай нь хүмүүс худалдаж авсан номон дээрээ түүний гарын үсгийг зуруулах гэж дугаарлах аж. 108 гарчиг бүхий Х.Баасансүрэн ламын сургаал есөн бүлэгт багтжээ. “Энэ зөвхөн таны ном байгаасай. Хэрэв өөр хүнд уншуулахыг хүсвэл дахиад нэгийг худалдаад авч өг. Өөрийгөө үргэлж зөв ярьж, бичсэн гэж бодохгүй байгаа ч амьдралд тань хэрэг болохоор зүйл бичихийг хичээсэн учраас энэ номыг үргэлж хажуудаа байлган зав гаргаж уншиж байгаарай” хэмээн даруухан хэлэх түүний бичсэн номыг нээж, гарчиглалаа.
Бүхнийг хайрла
Тараг идэхдээ тугалнаас уучлалт гуй. Уучлаарай тугалаа сүүг нь булаагаад уучихлаа гэж дотроо хэл. Тараг идэхдээ үнээнд, буханд, саальчинд, тараг бүрсэн хүнд, талархваас зохистой бүх хүнд баярла. Тараг идэхдээ өвсөнд, усанд, үүлэнд, наранд таларх. Нар мандахгүй бол, бороо орохгүй бол, гол урсахгүй бол, өвс ургахгүй бол яаж үнээ тугаллаж, бид сүүг нь уух билээ. Бүх зүйл нарийн уялдаа холбоотой. Та ганцаараа энд ирэх боломжгүй. Таны аз жаргалд мод ургаж байгаа нь, амьтад амьдарч байгаа нь, хөрш тань аз жаргалтай байгаа эсэх нь, хүү охины тань ангийн хүүхдүүдийн хүмүүжил, тэдний ар гэрийн амьдрал ч нөлөөлж байдаг. Гэр бүлээ, үр хүүхдээ, эх орноо хайрлана гэдэг хөршөө хайрлахаас, хамтран ажиллагсдаа хайрлахаас, нэг нэгнээ хүндлэхээс, машиныхаа цонхоор чихрийн цаас шидэхгүй байхаас л эхэлнэ. Эс бөгөөс таны амьдрах, таны үр хүүхдийн амьдрах нийгэм там болж хувирна. Та ганцаараа орших боломжгүй. Бүх зүйл нэг нэгнээсээ хамааралтай. Тиймээс бүхнийг хайрла…
“Хэн ч өөртөө ямар их зүйл байгааг олж хардаггүй. Тиймээс ч хэн нэгний барьсан утас, өмссөн хувцас, унасан машинд атаархах. Гэтэл өөрийнх нь өмсч байгаа ноолууран цамц түүнд ирэх хүртлээ ямар зам туулсныг тооцож үздэггүй. Ишиг төрж, нас бие гүйцэж ноолуураа өгнө. Түүнийг эзэн нь самнаж, үйлдвэрт ирээд цамц болох хүртэл хамгийн багадаа 15 тонн ус ордог гэдгийг хэн ч тооцдоггүй” хэмээн Х.Баасансүрэн ламын ярихыг сонсоод үнэхээр дэлхийн дулаарал, цэвэр усны нөөц багасч байгаа зэрэг харамсалтай мэдээлэл дунд амьдарч байгаа хэрнээ яагаад зөвхөн аяга угаахдаа л усаа хэмнэж болно гэдгээс цааш харж сэтгээгүй юм бол хэмээн бодов.
Цааш гарчиглав…
Аз жаргалд өчүүхэн шалтгаан хэрэгтэй
Аз жаргалд өчүүхэн, маш өчүүхэн шалтгаан хэрэгтэй. Юмс бүхнээс чи аз жаргалыг мэдэрч чадаж байвал чи байнга аз жаргалтай байж чадна. Тэгвэл аз жаргал танайд ирчихээд явдаг зочин биш, чи өөрөө аз жаргал болно. Аз жаргал чамтай хуримлана. Аз жаргалын шалтгаан чинь томрох тусам чи аз жаргалаас холдоно. Хэн нэгэн болж биш, чи зүгээр өөрөөрөө байхдаа л аз жаргалтай байж сурах хэрэгтэй.
Нар мандахад, бороо шиврэхэд, салхи сэвшихэд, хүүхэд инээхэд, нохой хуцахад аз жаргалыг мэдэрч чадаж байвал таны аз жаргал тогтмол байна. Тэртэй тэргүй өдөр бүр нар мандаж байхад юу нь жаргалтай байгаа юм. Салхи үлээгээд бороо норгоод намайг дааруулж байхад юу нь сайхан байгаа юм. Хүүхэд инээж л байдаг, уйлж л байдаг сонин юу байгаа юм. Нохой хуцах нь харин ч чихэнд чийртэй байна гэж мэдэрч байгаа бол та аз жаргалаас маш хол байна гэсэн үг. Ямар нэг юм тохиолдож байж аз жаргалтай болно гэж аз жаргалд цензур тавихаа больё хүмүүс ээ. Жаргалтай байх нь л гол биз дээ. Жаргалд биш зовлонд өндөр цензур тавьцгаая. Аз жаргалд маш өчүүхэн шалтгаан хэрэг болдог юм шүү.
Аз жаргал хаана байдаг вэ?
Аз жаргал бол хүрч очиж болдог зүйл биш юм. Аз жаргалд хүрч очих боломжгүй. Харин нээж илрүүлэх л боломжтой. Хүрч очно гэдэг нь танд байхгүй ямар нэг зүйлд хүрч очихын нэр юм. Нээж илрүүлнэ гэдэг нь аль хэдийнээ танд байсан зүйлсийг олж харахын нэр юм. Байгаа зүйлээ илрүүлэх, байхгүй зүйлээ олж авах хоёрын хооронд маш том ялгаа бий. Нэг нь гэр рүүгээ буцах, нөгөө нь гэрээсээ явахтай л адил. Угаасаа танд байсан юм чинь хайхын хэрэггүй болж байна гэсэн үг. Энэ бол аз жаргалд хүрэх боломжгүй ч аз жаргалгүйгээс гарах боломжтой гэсэн үг. Аз жаргалд саад болдог мунхаг буруу үзэл бодол, уур хилэн, шуналын хир буртаг арилахад л аз жаргалын хурц гэрэл таны дотроос гэрэлтэх болно гэсэн үг. Та аз жаргалыг буруу зүгээс хайгаад байгаа юм биш биз?
“Хүн зовж байгаагаа хамгийн амархан мэддэг. Бас тоочдог. Гэтэл жаргаж байгаагаа ярих дургүй. Нэгэн баян хүн аз жаргал руу маш их тэмүүлжээ. Гэтэл нэгэн ухаантай хүн түүнээс таны хүссэн аз жаргал юу вэ хэмээн асууж. Баян эр хариуд нь “Маш их мөнгө” хэмээн хариулав. Ухаант хүн “Тэгвэл та бяцхан хүүгийнхээ баруун хөлийн чигчий хурууны үзүүрээс жаахан хэсгийг л тасдаад өгчих. Тэгвэл би танд уут алт өгье” гэж. Баян эр уурлаж, аз жаргалыг их мөнгөөр худалдаж авч болдоггүйг ойлгожээ” хэмээн Х.Баасансүрэн лам яриад “Хэрэв худалдаж авч болдог зүйл байсан бол би та бүхнийг их мөнгөтэй бол гэж хэлэх байлаа” хэмээн хошигнов.
Та зуу хүртэл тоолж чадах уу?
Та уурласан үедээ зуу хүртэл тоолж чадах уу. Үг сөрж хэрэлдчих гээд байвал хэлээ тагнайдаа нааж байгаад дотроо 1, 2, 3 гээд тоолж эхэл. Магадгүй энэ үед таны уурыг хүргэсэн үгсийг хэн нэгэн хэлж байж болно. Тэсээрэй 20, 21, 22 гээд тоолоод л бай. Таныг уурлуулах гэж улам хорон үгнүүдийг чам руу чулуудах болно. 40, 41, 42 гээд тоогоо л тоол. Муухай үгэн дээр бүү төвлөр. Чиний зорилго бол тоогоо зуу хүргэх. Чамайг уурлахгүй, хэрүүлийг нь дэмжихгүй болохоор цаад хүнд бүр хэцүү байх болно. Чам руу юм шидэж ч мэднэ шүү. Анхааралтайгаар 60, 61, 62 гээд үргэлжлүүлээд тоолоод л байгаарай. Цохиод авч ч магадгүй гүрийгээрэй 80, 81, 82.
Хэрүүлд хоёр хүн хэрэг болдог юм шүү. Нэг нь л биш байгаарай. Чамайг хэрүүлийг нь дэмжихгүй болохоор хэрүүл аажим аажмаар намжина. Яг энэ үед нь 99, 100 гэж тоогоо гүйцээгээд нэг үг хэлээд үзээрэй. “Яах гэж ингэж байдаг юм дээ хө” гэж. Яг уурын гал цурманд орсон тэр үед нь шүү. Тэр болтол чи тоогоо л дахин дахин тоол. Хэдэн удаа тоолсон ч яадаг юм. Хариулт нь ямар байх бол. “Харин тийм ээ” байж мэднэ шүү. Хэрүүл хор уршиг л дагуулна. Хэрүүлийн гал дээр л тос битгий нэмээрэй. Эс бөгөөс та хоёр хоёулаа түлэгдчихнэ шүү. Та 100 хүртэл тоолж чадах уу.
Хэрэлдэх зав аманд бүү олго
Үг чинь түрүүлээд, ам чинь түрэгдээд нэг л мэдэхэд хэлэх хэлэхгүй үг хэлж хайртай хүмүүсээ гомдоогоод байгаа юм биш биз. Хэрвээ тийм бол бушуухан амандаа идэх юм аваад хийчих. Ам чинь завгүй болчихвол чи муухай үгс хэлж хэрүүлийн алим шидэж чадахгүй. Чихэр, ааруул, боорцог гээд амыг завгүй болгочих зүйлс гарын чинь ойролцоо байж л байгаа даа. Хайртай хүмүүсээ гомдоож хэлэх хэлэхгүй муухай үг хэлчихээд сүүлд нь харамссанаас чихэр хүлхэж суусан нь хамаагүй дээр. Нэгэнт л сэтгэлээс чинь түрүүлж хадуураад байгаа амыг бөглөж орхивол таарна. Дараа учир нь олдож л таараа. Яг тэр мөчид л тэсэх нь чухал. Аманд хэрэлдэх зав бүү олго. Хов зөөх гээд байвал, худлаа ярих гээд байвал, хараал урсгах гээд байвал, хэрэлдэх гээд байвал амаа завгүй болгочих.
Х.Баасансүрэн лам өнгөрсөн долоо хоногт нэгэн асрамжийн газар очжээ. 15 настай хүү өөрийнхөө амийг егүүтгэсэн гэнэ. Тэрээр “Чамайг үхэхэд араас чинь уйлах ганц ч хүн байхгүй байна гэдэг ямар гунигтай вэ гэдгийг үргэлж бодож бай. Хэрэлдсэн ч, хэлэлцсэн ч гэр бүлтэй хүн хамгийн баян. Тийм учраас хамгийн дотны хүндээ хамгийн муухай үгийг зориулах хэрэггүй хэмээн ярив.
Гар утас
Та байнга аз жаргалтай, эрч хүчтэй, хайр энэрлээр бялхаж байгаарай. Яг л дүүрэн цэнэг, сүлжээтэй гар утас шиг. Ийм тохиолдолд л диваажингаас тань руу залгах боломжтой болно шүү. Та диваажинд очих биш диваажин тань дээр бууж ирнэ гэсэн үг. Та гуниад, гутарч, зовж, шаналж, өөрийгөө зовлонт бие сэтгэхүйтэйгээ адилтгаад байвал диваажингийн сүлжээ алдарч тамын сүлжээ орж, тамаас танд дуудлага ирнэ. Та там руу явах биш там тань дээр ирнэ. Диваажингаас тань руу залгахад таны утас завгүй гэсэн хариу өгнө. Тамын дуудлагыг тасалж байж л диваажингийн дуудлагыг хүлээн авах боломжтой.Та тамтай холбогдмоор байна уу. Диваажинтай холбогдмоор байна уу…
Цэцгээ усал, Зэрлэгээ зулгаа
Таны сэтгэлийн хөрсөнд үзэсгэлэнт цэцгийн үр, хорт зэрлэгийн үр хоёулаа байдаг. Өгөх туслах зэрэг нь цэцгийг тэтгэдэг цэнгэг ариун рашаан бол хайр халамж нь хамгийн сайн бордоо юм. Та алийг нь услан, бордон тэтгэж алийг нь тоохгүй хөсөр орхисноос хамаарч зарим хүний цэцэг нь сүрлэг сайхан ургаж анхилам үнэрийг хавь ойрдоо түгээж байдаг бол зарим хүний цэцэг нь хатаж хорчийгоод зэрлэг нь цойлон ёрдойж үмхий самхай ханхлуулж байдаг. Та голцуу цэцгээ усалж арчилдаг уу? Аль эсвэл хүсэл шунал, уур уцаар, аминч үзлийн угаадсаар зэрлэгээ шахаж борддог уу? Цэцгээ усалж арчилваас үр жимсээ танд өгөх болно шүү. Зэрлэгээ зулгаах юм бол харин цэцэг тань улам хурдан ургана. Зэрлэг тань өндөр ургасан болов уу? Цэцэг тань өндөр ургасан болов уу? Цэцгээ усалж зэрлэгээ зулгаацгаая.
“Хорвоо өөрөө савлуур аж. Зовлон жаргал хоёр руу ээлжлэн савлах савлуур дээр бид суучихсан. Энэ орчлон дээрх юм бүхэн урсгалтай. Гэтэл савлуур савлах бүрт зүг чигээ алдаж болохгүй. Савлуур шиг амьдралд луужин шиг бай. Болоод л өнгөрнө дөө хэмээн үргэлж өөртөө хэлж байгаарай” гэв. Болоод л өнгөрнө дөө…
Х.Баасансүрэн ламд нэг найз нь гурван жилийн өмнө зөвлөснөөр тэр өөрийн гэсэн фейсбүүк хаягтай болжээ. Удалгүй найзынх нь тоо таван мянга гарч дахиж шинээр найзтай болох аргагүйдсэн учраас хаягаа хуудас болгожээ. Түүний бичсэн зүйлсийг хүмүүс уншиж, магтах нь тэр хэрээр олширч. Хэдийгээр бясалгал хийж, өөрийгөө хянадаг ч түүний эго далд байдлаар сэргэхээс сэрэмжилж хэсэг хугацаанд хуудсаа ажиллуулахаа больсон байна. Гэсэн ч олны хүсэлтээр тэр дахин өөрийн хуудсандаа сургааль бичих болсон гэдгээ ярив.
Зовлонгийн үндэс нь эго
Өөрийнхөөрөө байх гэхээр бусдыг гомдоочих гээд. Бусдынхаар байхаар өөрийгөө хохироочих гээд байдаг уу. Та алийг нь сонгодог вэ. Өөрийгөө сонгоод бусадтай тангараг тасардаг уу. Бусдыг сонгоод өөрөө сэтгэл дундуур явдаг уу. Хоёуланг нь сонгоод хуурамч дүр эсгэдэг үү. Эсвэл хольцыг нь тааруулан найгадаг уу. Энэ бүхэнтэй зохицож амьдрах үнэхээр хэцүү. Үүний гол буруутан нь та биш таны эго (аминч үзэл) юм.
Энэ дэлхий дээр долоон тэрбум эго байна. Хүн бүхэн өөр өөрийн хүслээ биелүүлэхийг хүсдэг учраас маш олон эрх ашиг хоорондоо зөрчилддөг. Үүнээс л хагарал мөргөлдөөн, хэрүүл тэмцэл үүддэг. Уг нь өөрийн аминч хүслийг биелүүлэхийн тулд бусдыг хохироохгүй, бусдын аминч үзлийг тэтгэж муу зан сургахгүй байх нь зөв. Аминч муу үзэл биш бол бусдын эрх ашгийн төлөө өөрийгөө зольж чаддаг байв. Энэ таны хувьд олз. Харин эгоны тань хувьд мөхөл юм. Эго тань нимгэрэх тусам зовлон чинь багасах болно. Эго тань зузаарах тусам зовлон ч бас нэмэгдэх болно. Тиймээс зовлонгийнхоо учрыг олъё гэвэл эгоныхоо л учрыг ол.
Зовлон бол хайрын эзгүйрэл
Хайрын дулаан илчинд л зовлонгийн цэвдэг мөс хайлна. Хайрын эзгүйд л зүрх зайрмагтаж цус царцан, зүс цонхыно. Зовлон хайр хоёр нэг зүрхэнд зэрэг багтах боломжгүй. Зовлон бол харанхуй. Хайр бол гэрэл. Таныг харанхуй эзэгнэж, царай чинь барайн гуниглаж, сэтгэл чинь гонсойн гансарч байгаа бол та хайрын халуун илчээр дутсаных. Хангалттай хайр үгүйгээс л зовлонгийн түнэр харанхуй зүрх рүү тань нэвчиж түрэмгийлж байгаа юм. Зүрх сэтгэлдээ хайрыг байнга тээж яв. Хаана ч бүү март. Хэзээ ч бүү орхи. Хайрын анирт л зүрх булгилж, цус буцалдаг юм. Зовлонгийн жихүүн сэтгэлд тань шурган орох зай бүү гарга. Алхахдаа газрыг хөлийнхөө улаар үнсэн бүж. Харахдаа бүхнийг нүдээрээ тэврэн халь. Амьсгалахдаа салхийг таалан хүрт. Ярихдаа хайрын дулаан үгсээр бусдыг дайл. Хаана ч байсан хайрын анхилам үнэрийг эргэн тойрондоо ханхлуул. Хайранд өөрийгөө эзэгнүүлбэл зовлон дайжих нь гарцаагүй.
“Хэн намайг үгээр доромжилно
Хэн намайг үйлээр гутаана
Хэн намайг сэтгэлээр хорсгоно
Тэр бүхэн гэгээрэх болтугай” гэсэн сургаалаар номын нээлт өндөрлөв.