Япон Улсын баруун хэсгээр 11 бүс нутагт энэ сарын 8-10-нд орсон хүчтэй аадар бороо орж, далайн шуурга шуурсны улмаас үер бууж, байгалийн гамшигт нэрвэгдээд байна. Гамшгийн улмаас 200 орчим хүн амиа алдаж, 50 гаруй хүн сураггүй алга болоод байгаа юм. Мөн ойролцоогоор 17 мянган байшин цахилгаангүй болж, зарим муж хоорондын утасны сүлжээ доголдон, олон мянган айлын гэр сүйджээ. Энэ нь сүүлийн 30-аад жил болоогүй хамгийн олон хүний амийг авсан үерийн гамшиг гэдгийг тус улсын эрх баригчид хэлж байна.
Үүнтэй холбогдуулан Японы ард түмэнд туслах санаачлагыг Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж гаргажээ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа “Монголчууд зовох цагт нөхрийн чанар гэж хэлдэг. Наадам сайхан болж өндөрлөлөө. Нэгэн зүйлд сэтгэлийн чилээ гаргахгүй бол болохгүй байна. Долдугаар сарын 8-10 хооронд Японы баруун хэсгээр олон хоног орсон борооны улмаас 130 гаруй хүн эндэж 50 гаруй хүн ор сураггүй алга болсон гамшиг боллоо. Миний бие энэ улстай хамгийн их холбоотойн хувьд, дээр нь 1990 оны шилжилтийн үед, Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн хүнд үед Япон улс чин сэтгэлээсээ БНМАУ-д хүнсний тусламж болон эдийн засагт үлэмж хэмжээний тусламж үзүүлж байсныг би бөгөөд бид мартах ёсгүй билээ. Монгол орныг одоо хүртэл дэмжин тусалж бүс нутгийн энх тайванч найрсаг харилцааг бэхжүүлэн 2 орны эдийн засаг, соёлын харьцаа Монгол хүн Япон хүмүүс бие биеэ хамгийн сайнаар ойлгож явдагт би баярлаж явдаг юм. Та бүхнээсээ чин сэтгэлээсээ ядрах цагт нөхрийн чанар гэж сайхан үгийг сануулахын ялдамд Японы ард түмэнд Монгол хүний өчүүхэн ч болов сайхан сэтгэлийн тусламж хандивыг миний бие хичээнгүйлэн хүсэж байна. Миний бие хувийн зүгээс 10000$ хандивлаж байна. Та бүхнээсээ хичээнгүйлэн гуйж байна. Өнөөдрөөс хандивын данс нээнэ. Баярлалаа та бүхэнд” гэжээ.
Тэгвэл мөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өчигдөр орой Монгол-Японы парламентын бүлгийн даргын хувиар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Масато Такаокатай уулзлаа. Тэрээр байгалийн гамшигт үзэгдлийн улмаас харамсалтайгаар амь үрэгдсэн Япон Улсын иргэдийн ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн юм.
Улмаар Япон Улсад туслах асуудлаар Монгол-Японы парламентын бүлгийн даргын хувиар анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлсэн байна. Тэрээр уг асуудлаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон холбогдох албаныхантай уулзаж, туслах ажлыг эхлүүлээд байгаа аж.