Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзан, Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Япон Улсад нэг зуун мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв.
ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар “Гамшигийн улмаас олон хүний эрдэнэт амь үрэгдэж, их хэмжээний хохирол учирсанд монголчууд бид ихээхэн сэтгэл өвдөж, санаа зовниж байна. Хэдхэн хоногийн өмнө Гамшгийн асуудлаарх Азийн сайд нарын ээлжит бага хурал Улаанбаатар хотноо болох үеэр улс орнууд гамшгийн эрсдлийг гагцхүү бүгдээрээ хамтдаа байж даван туулах тухай ярилцсан билээ.
Энэ талаар хэлэлцээд удаагүй байтал Япон Улсад үерийн гамшиг тохиолдлоо. Бидний хамтын ажиллагаа хичнээн чухал болохыг дахин мэдэрч байна” гээд Монголчууд хүнд хэцүү цагт япон анд нөхдүүддээ сэтгэлийн дэм өгөхийг чин сэтгэлээс хүсч байгааг илэрхийлжээ.
Элчин сайд М.Такаока Монгол Улсын Засгийн газар, ард түмний дэмжлэгт чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлээд “Энэ нь Монгол, Японы бат бэх найрамдлын илэрхийлэл юм” гэдгийг онцлов.
Үерийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нараас Япон Улсын төр, засгийн удирдлагад эмгэнэлийн цахилгаан утас тус тус илгээгээд байна.