Найрамдал цогцолборын 40 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэлийн дээд шагнал болох “Хангарди” одонгоор шагнахаар шийдвэрлэсэн юм. Шагналыг баярын хурлынх нь үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан гардууллаа. Тэрээр”Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 40 жилийн ойг тохиолдуулан Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатовагийн нэрэмжит болгосон билээ. Мөн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн дээд шагнал болох Хангарди одонг гардуулан өгч байгаадаа туйлын баяртай байна.
Найрамдал ОУХЦ-ын туулж өнгөрүүлсэн 40 жил бол Монгол хүн бүрийн бахархалын түүх. Монголын үе, үеийн хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, хөгжил, дэвшил, боловсрол, мэдлэгийн түүх юм. Энэ байгууллагыг 40 жилийн турш тогтвортой ажиллуулж , хөгжүүлэх үйлсэд үеийн үед зүтгэж ирсэн та бүхний итгэл үнэмшил, амжилт бүтээлийн түүх. Хүүхэд залуусын боловсрол, соёлын харилцаагаар дамжуулан дэлхийн олон улстай найрамдалт харилцаагаа бэхжүүлэх, улс орныхоо тусгаар тогтнол эрх чөлөө бүхний үнэ цэнийг хойч үедээ өвлүүлэн үлдээх өвөг дээдсийн маань алсын хараатай ухааны түүх гэж би боддог” гэлээ.
Анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 11 дvгээр сарын 22-ны өдрийн 464 тоот тогтоолоор Баянголд хүүхэд багачуудыг идэвхтэй амруулж сувилах, өвөл, зуны ажиллагаатай олон улсын пионерийн зуслангийн иж бүрэн барилга байгууламж барихаар шийдвэрлэснээр тус төвийн түүхийн хуудас нээгдэж байжээ.
НИТХ-ын ХМОНХХ