Далайн боомтод багтахааргүй хэт том болсон тул аялалд гарах боломжгүй гэгдэж байсан Испанийн шинэхэн шумбагч онгоцыг дахин турших оролдого хийсэн тухай тус улсын хэвлэлийнхэн мэдээлжээ.
Их хэмжээний зардал гарган S-80 хөлгийн загварыг дахин өөрчилж, далайд хөвөхөд тулгарсан өмнөх алдааг залруулж, уртасган зассан байна. Энэхүү өөрчлөлтийг хийснээр Картагена боомт дахь усан онгоцны зогсоолыг уртасгах шаардлагагүй болсон байна. Харин онгоцыг хийхэд зарцуулсан зардал анх тооцоолсноос хоёр дахин их гарсан гэж Испанийн сонин мэдээндээ онцолжээ. S-80 хөлгийг бүтээсэн зардал одоогоор нэг тэрбум еврод дөхөж байгаа гэнэ.
2013 онд шумбагч онгоцыг анх бүтээхэд шаардлагатай жингээс 100 тонноор хүнд байсан аж. Энэ нь хөвөх, шумбах явцад асуудал үүсгэж далайд шумбасан ч, буцаж гарч ирэх боломжгүй эрсдэл тулгарна гэж үзжээ.
Инженерүүд, зөвлөхүүд уг хөлгийг уртасгаснаар хүчин чадал нь сайжирна гэж үзсэнээр дахин засварыг хийж, 14 сая еврог зориулсан байна. Анхны гаргасан загвар нь 71 метр урттай, 2,200 тонн байсан бол өөрчлөлтийн дараа 81 метр урт, 3,000 тонн жинтэй болжээ.
Орчуулсан Б.Болормаа